Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бодлого, үйл ажиллагаа, батлан хамгаалах зорилт, орон нутгийн хамгаалалтын эрх зүйн шинэчлэлийг орон нутагт сурталчлах хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн удирдлага, ЗДТГ-ын төлөөлөл, тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүнтэй “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн дагуу “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийн хэрэгжилтийн орон нутаг дахь өнөөгийн байдлыг хэлэлцэж, цаашид тус хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэлсэн үгэндээ төрөөс хэрэгжүүлж буй батлан хамгаалах бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодитоор анхаарч, биечлэн хүрэлцэн ирж тулгамдаж буй асуудлуудыг сонсон, харилцан санал солилцсон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд аймаг орон нутгийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн Өвөрхангай аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөн, “Залуу офицерын хөгжлийн жил” зэрэг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдынхаа оролцоотойгоор манлайлан оролцож буйгаа уламжлав. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Залуу офицерын хөгжлийн жил”-ийн зорилго, үйл ажиллагаа болон Батлан хамгаалах салбар 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбоотой “Хүн төвтэй хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Илтгэлийнхээ үеэр тэрээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид бол эх орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулдаг, өндөр хариуцлагатай, эх оронч боловсон хүчин байдгийг онцлов.
Гэвч эдгээр алба хаагчид маань нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн ур чадвар, мэдлэгийг тасралтгүй эзэмшихийг урьтал болгохгүй байгаагаас шалтгаалан зарим алба хаагчид тэтгэвэрт гарсны дараагаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд хүндрэлтэй тулгарч байгааг онцлон дурдсан юм. Иймээс залуу алба хаагчдыг гадаад хэл, мэргэжлийн болон ажлын байрны ур чадвараа тогтмол ахиулж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг уриаллаа. Ингэснээр мерит зарчимд тулгуурлан шударгаар дэвшин ажиллах, цаашлаад тэтгэвэрт гарсны дараа ч дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин байх боломж бүрдэхийг онцлов.
Түүнчлэн улс эх орноо батлан хамгаалах нь зөвхөн цэрэг, дайчдын үүрэг бус, Монгол Улсын иргэн бүрийн хүлээх үүрэг болохыг тэмдэглэж, залуусын дунд түгээмэл ажиглагдаж буй “бүгдийг хүсдэг атлаа бүхнийг үгүйсгэдэг” хандлагаа мөн өөрчлөхийг уриалав. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд “Цэргийн сургалтын онол, арга зүйн үндэс номоо аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудад гардуулан цаашдынх нь ажил, хөдөлмөрт амжилтыг хүсэн ерөөлөө.
-
16 цаг 30 мин
-
19 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
2026-04-28
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
2026-05-01