МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУИС БОЛОН ШУТИС-ИЙН БАГШ, ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗЛАА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 12 мин

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байгаа юм. Эдгээр залуус төгсөж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр хэллээ. Боловсролын салбарт Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын бүтээн байгуулалт ид өрнөж 2027 оны эхний улиралд ашиглалтад оруулна. Тус барилга МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт юм.

Мөн 2025 онд ШУТИС-д Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний химийн болон шимт найрлагын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, орчин үеийн лабораторийн чадавхыг хөгжүүлж байна. МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-ийн Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-ийн Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-ийн Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр оюутнууд суралцана. Сургуулиа төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллаж, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах юм.

Төрийн бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй дэмжлэг үзүүлэх, үндэсний сэхээтэн бэлтгэх, ардчилал, хууль ёс, хүний эрх, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан ажиллахыг Боловсролын сайд уулзалтын үеэр онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,

ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,

МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,

ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.