... Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайтай холбох гээд...
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийнхээ үзүүрт уяах гээд тэр бурхан зүг явчихлаа... Монгол түмний цогтой найрагч, Дорноговийн Алтанширээгийн хөх хүү, Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, кино, жүжгийн нэрт зохиолч, дууны шүлгийн сод авьяастан, телевиз, тайзны хөтлөлтийн нэрт мастер, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар абугай хүнд өвчний учир бие барж хүнд гарз тохиолоо...
Мэндлэх хүндлэхдээ МОНГОЛ ҮГЭЭР ерөөж, мандаж бадрахдаа МОНГОЛ ШҮЛГЭЭР оргилсон түүний туурвисан бүтээл, уншсан шүлэг, бичсэн ном, амьдруулсан жүжиг, дуу, кино бүр нь ард түмний нүдэнд ил, сэтгэлд дотно, өег нүнжигтэй, үлгэрлэл дуурайлалтай, адис сургаальтай, арвин буянтай байсаар ирсэн. Монголчуудын дунд ТАРНИ МЭТ хүлхэгдсэн “МОНГОЛ ГЭДЭГ ЗУРГААН ҮСЭГТЭЙ БУРХАН НЭРЭЭР ДЭЛХИЙД ГОЁСООР” байна.
Ханилсан ханьдаа элэгсэг дотно, хамт ажилласан нөхөддөө өмөг түшигтэй, харь хэл, гадны соёлыг ЭХ ХЭЛНЭЭ төвөггүй орчуулагч, хүй долоон худаг, цагаан хөтлийн дэнжид номхон даага сурвилж, хэний ч хамаагүй цээжийг онгойтол яриулж, ХАРИУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО гэх торгон зай үлдээсэн тэр...
“Хоршоо Дэрэм”, “ЧИМЭЭГҮЙ...”, “Говийн ганц айл” зэрэг эгэл амьдралын үнэ цэнэ, мөнө чанарыг бардам шүлгүүддээ баринтаглаж, бурханы судар шиг монголчуудад цээжлүүлсэн дэндүү эгэлхэн найрагч байв.
Баярлалаа... ЗУУН НАМРЫГ ҮЗЭЭРЭЙ гэх түүний аргил, баргилхан дуу уйт хаврын энэ өглөө үүрд тасрав. Олон хүнд үгийн зөв, ерөөлийн сайхнаар хүч нэмж, олон зуун жил дуулагдах, эгшиглэх, сонсогдох мөнх настай бүтээл арвин ихийг үүцлэн үлдээгээд тэр бурхан зүг одож ижий аавдаа эрхлэхээр нартаас буцав.
Мөнх бусын орчлонгийн дутуу бүхнийг гүйцээх гээд явсан ижий аав хоёр луугаа тэр явжээ. Зулын гэрэл бөхөлзөж, нарны гэгээ бүүдийсэн энэ өдрүүдэд Шагдарсүрэнгийн Гүрбазар агсан 71 насны намрыг үзээд, даль жигүүрээ өндөр дэвээд нартыг давав, сартыг орхив.
-
2026-05-07
-
2026-05-07