ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 37 мин

Жижиг, дунд үйлдвэр нь дэлхийн нийт аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг, дэлхийн эдийн засгийн гол тулгуур хөдөлгүүр . Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банкны мэдээлснээр жижиг, дунд үйлдвэр нь дэлхийн нийт ажлын байрны 70 орчим хувийг хангаж, дэлхийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 50-70 хувийг үйлдвэрлэж байна. Жижиг, дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгоод зогсохгүй, хөгжиж буй орнуудын хувьд ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдасгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад нийт ажиллагсдын 90 ба түүнээс дээш хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байна (ЖДҮҮЭ) Монгол улсын хувьд нийт ажиллагсдын 41 хувь жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд ДНБ-д эзлэх хувь төдийлөн хангалттай бус, харин уул уурхайн бүтээгдэхүүн голлодог. Гэсэн хэдий ч Монголын жижиг, дунд үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлийг бүрдүүлж, ДНБ-д эзлэх хувь нь тогтмол өссөөр байгаа салбар юм. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа, арга хэмжээ 2026 оны Зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар өнөөдөр нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд нийт 400 гаруй бизнес эрхлэгчид, 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэж байна. Мөн энэ удаа ОХУ, Вьетнам, Япон, Энэтхэг, Англи, Итали улсын төлөөлөл  оролцож, төрөл бүрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн тавьжээ. 

"ХААХҮЯ нээлттэй хаалганы өдөр" мөн энэ өдрүүдэд, нэг талбай дээр зохион байгуулагдаж байна.  Нэг дороос үзэсгэлэн, худалдаа, төрийн үйлчилгээг авах боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хамгийн том үзэсгэлэн худалдаанд оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийцгээе. 

Зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар
Хамтран зохион байгуулагч:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёл урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Зээлийн батлан даалтын сан, Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.