Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.17/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Мөнхсоёл нараас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ хүрээнд D.petition буюу нийтийн өргөдлийн цахим систем ажиллаж, иргэд уг системийг эрчимтэй ашиглах болсон. Иймд өнөөдөр энэ загварыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх үндсэн агуулгыг хуулийн төсөлд тусган боловсруулсан гэдгийг онцолж байлаа.
Хуулийн төслийн зорилго нь орон нутгийн түвшинд төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг бодитоор хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн байна.
Төслийн хүрээнд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэдийн оролцоог бодитой, үр нөлөөтэй болгох зарчмыг баримталж, нийтийн өргөдлийг хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллагаар заавал хэлэлцүүлэх нөхцөлийг баталгаажуулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн өргөдөл, санал авах үйл явц, түүнийг хэлэлцсэн дүн, гаргасан шийдвэрийг цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар мэдээлэхийг хуульчилахаар тусгажээ. Ингэснээр орон нутгийн шийдвэр гаргалтад олон нийтийн хяналт нэмэгдэнэ гэж үзжээ.
Түүнчлэн цахим танилт, баталгаажуулалтын систем, тоон гарын үсгийг ашиглан иргэдийн оролцоог баталгаажуулах зохицуулалтыг тусгасан байна. Уг зохицуулалт нь давхардсан болон хуурамч оролцооноос сэргийлэх, иргэдийн оролцооны үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
5 цаг 3 мин
-
5 цаг 26 мин
-
5 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин