ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулангаар ахлуулсан Монгол Улсын санхүүгийн салбарын төлөөлөл Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Европын хөрөнгө оруулалтын банк /European Investment Bank, EIB/-ны дэд ерөнхийлөгч хатагтай Гельсомина Виглиотти болон тус банкны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Европын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр чухал түнш байсаар ирсэн. Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй төслүүдийн явц, санхүүжилтийн үр ашиг, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэв.

Түүнчлэн 2025 онд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банк хооронд Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор 1 тэрбум евро хүртэлх санхүүжилтийг дайчлах Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан талууд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Европын хөрөнгө оруулалтын банк COP17 арга хэмжээнд оролцож, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн зорилтуудыг дэмжин ажиллах талаар ярилцлаа.

Тухайлбал, “Аймаг, сумдын ногоон бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /ASDIP/-ийн хүрээнд орон нутгийн авто зам, усан хангамж, ариутгах татуургын сүлжээ зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкны зээл, буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтаар Монгол Улсын ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг мөн хөндлөө. Талууд ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн хэрэгсэл, хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр татах, банкны салбараас хэт хамааралтай санхүүгийн бүтцийг илүү тэнцвэртэй болгох чиглэлээр санал солилцов.

Энэ хүрээнд талууд Европын хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулагчийн хувиар оролцдог “Global Green Bond Initiative” /GGBI/ буюу Дэлхийн ногоон бондын санаачилгаар дамжуулан Монгол Улсын ногоон бондын зах зээлд олон улсын институцийн хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, дамжуулах сүлжээний өргөтгөл, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нүүрсэнд суурилсан эрчим хүчний системээс ногоон эрчим хүч рүү үе шаттай шилжих санхүүжилтийн механизмын талаар ярилцлаа.

Талууд Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт, техникийн мэдлэг, олон улсын туршлагыг Монгол Улсын ногоон шилжилт, бүс нутгийн дэд бүтэц, эрчим хүчний шилжилт болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд үр дүнтэй ашиглах чиглэлээр түншлэлээ улам гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.