ЧУУЛГАН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 31 мин

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.18/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн 54 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь хүнсний хангамж тогтворгүй, эрсдэлтэй түвшинд байгааг харуулж байна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог цогц байдлаар бүрдүүлж, хүнсний баталгаат байдлыг сайжруулах, экспортын чанар зэрэгт анхаарах болсон хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, нууц санал хураалт явуулж нэр дэвшигч Д.Ариунболд, Д.Мөнхзориг, Ж.Болд, Д.Давааням нарыг томилохыг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан О.Амгаланбаатар, Г.Байгалмаа Т.Сүхболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөв.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд хүүхдийн эрх ашгийг төв болгон эцэг эхийн салалтаас үүдэн хүүхэд хохирох ёсгүй гэсэн үзэл баримтлалыг тусгажээ. Улсын хэмжээнд 2024 онд 14165 гэрлэлт бүртгэгдэж, 4459 гэрлэлт дуусгавар болсон байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал тодорхой болж, хүүхдийн эрхийн олон асуудал шийдэгдэх юм.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 61 саналаар санал хураасан. Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцэв.

Өндөр насны тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаас тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийн асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ хэмээн хуулийн танилцуулгад дурдсан. Мөн хагас хуримтлалын тогтолцоог бий болгож, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог байдал руу шилжүүлнэ гэлээ.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа практикт бий болсон боловч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдаж мөнгөө төлсөн иргэд, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга замууд тодорхойгүй, одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн төсөл санаачилжээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг Баасан гарагт явуулахаар тогтов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.