Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдана. Хот байгуулалтын суурь болох дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна.

Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил-75%, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил-30%, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил-95%, "Хүннү" Дэд станцын бүтээн байгуулалтын ажил-86%, “Хүннү хотын 127.4 км автозамын зураг төсөл, бүтээн байгуулалт-35%-тай хэрэгжиж байгаа юм.
Хүннү дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралтын ажил бүрэн дуусчээ. Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 100 МВт-ын нарны үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батерей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд байгуулахаар төлөвлөж байна. Уг станц ашиглалтад орсноор Хүннү хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангахын зэрэгцээ цаашид нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөхөд бодит хувь нэмэр оруулна хэмээн үзжээ.
Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 35-40 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байх юм. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж, 2027 оны IV улиралд бүрэн дуусгахаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хүннү хотын цэвэрлэх байгууламжаас гарсан 98 хувь гүн цэвэршүүлсэн саарал усыг хөрсөнд шингээлгүйгээр, нисэх буудлын орчмын шувуу, мал амьтнаас хамгаалах аюулгүй байдлын шаардлагыг ханган 8.8 км зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Хүннү хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хотын “Aerocity” хөгжлийн бүсд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуй нөөц бүс зэрэг байхаар төлөвлөгджээ.
-
1 цаг 1 мин
-
1 цаг 6 мин
-
Уржигдар 08 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин