ОХУ-ТАЙ ХАМТРАН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 24 мин

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.19) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Б.Найдалаа “Хоёр улс эрчим хүчний салбарт түүхэн уламжлалт харилцаатай. Монгол Улсын эрчим хүчний салбарт одоо анхаарч буй өвөлжилтийн бэлтгэл, цаашид аюулгүй тогтвортой ажиллагааг хангах шинэчлэл хэрэгжүүлэхэд ч ОХУ-ын хамтын ажиллагаа чухал. Бид эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахыг зорьж байна. Түүнчлэн дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж буй бөгөөд ОХУ-ын компаниудтай хамтран томоохон төслүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх хүсэлтэй байна. Мөн “ДЦС-3”-ын өргөтгөлийн төсөл зэргийн талаар ярилцах хүсэлтэй байна” хэмээн тэмдэглэв.

Элчин сайд Алексей Николаевич Евсиковын зүгээс Монгол Улс эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, “Хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлбэл амжилттай болно. Гэвч “ДЦС-3”-ын хүчин чадлыг өргөтгөх төслийн хувьд гэхэд зураг төслийн гэрээ байгуулах явц удаашралтай байгаа тул түргэвчлэх шаардлагатай. Тэгж байж 2027 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” хэмээн дурдав. Түүнчлэн тэрбээр ДЦС барих, шугам сүлжээ шинэчлэх, дулааны тоолуур нэвтрүүлэхэд хамтран ажиллахад ОХУ бэлэн гээд, цөмийн салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэхийн сацуу ОХУ-д ирэх ес, аравдугаар сард болох эрчим хүчний салбарын уулзалтад сайд Б.Найдалааг оролцохыг урилаа.

Хоёр орны Засгийн газар хоорондын “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” 2019 оны хэлэлцээрийн хүрээнд хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлж буй. Тухайлбал, дээр дурдсан “ДЦС-3”-ын өргөтгөлийн төсөл энд багтаж буй юм. Төслийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК, “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулсан. Төслийн барилга угсралтын ажлын төсөвт өртөг, хугацааг тодорхой болгох зорилгоор талуудын Эрчим хүчний яам хооронд 2024 онд “ДЦС-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 300 МВт-аар өргөтгөх шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан, харилцан зөвшилцсөн.

Өдгөө дээрх компаниуд хооронд “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төслийн гэрээний үнийг харилцан зөвшилцөх, гүйцэтгэлийн баталгаа, торгууль, алдангийн хувь хэмжээг тохиролцох шаардлагатай байгаа юм. Эл гэрээг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа талаар сайд Б.Найдалаа тэмдэглэв. Мөн цөмийн салбарын талаар шинэчлэлийн бодлогод тусгасныг дурдаад, бага чадлын цөмийн эрчим хүчний станцын суурь судалгаа хийхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.