“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын хүрээнд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн шоу болно
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 28 мин

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадмыг НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн “Биеийн тамир, спортын газрын Ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Даншиг наадамд хүчит 256 бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд зохион байгуулагдана. Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулах бөгөөд бөхчүүдийг зургаадугаар сарын 20-26-ны хооронд devjee.mn-ээр бүртгэж байна. Наадмын эхний өдөр буюу зургаадугаар сарын 27-нд 11:40 цагаас нээлтийн ажиллагаа болж, бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Наадмын хоёр дахь өдөр цам харайх ёслолын дараа үндэсний бөхийн барилдаан дөрвийн даваанаас үргэлжилнэ.

Өмнө нь үндэсний бөхийн барилдаанд даншгийн цолыг бэлгэдэл болгон олгодог байсныг өнгөрсөн жилээс зогсоосон. Энэ жил МҮБХ-ны дүрмээр зохион байгуулна. Түрүүлсэн бөхөд 30 сая төгрөг, үзүүр бөхөд 20 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 14 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд дөрвөн сая төгрөгийн шагналтай. Сур харвааг Хүй долоон худагт Үндэсний сурын талбайд зохион байгуулна. Сур харваачдын бүртгэлийг харвааны нэгдсэн систем https://www.ikhtsets.mn/ -ээр хийж байна. Өнөөдрийн байдлаар 120 орчим харваач бүртгүүлсэн байна. Энэ жил өмнө жилүүдээс бай шагналыг нэмэгдүүлсэн. Уухай шагай харваанд 40 багийн 500 орчим харваач оролцоно гэж тооцон бэлтгэл хангаж байна” гэв.

Энэ үеэр түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болно. Зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.