Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Teach For All" байгууллагын Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Венди Коппыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын боловсролын шинэчлэлийн хэрэгжилт, багшийн хөгжил, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Teach For All нь дэлхийн 63 улсад үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн бие даасан түнш байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын сүлжээ юм.
Тус сүлжээ нь боловсролын тэгш бус байдлыг бууруулах, чадварлаг залуу манлайлагчдыг багшлах үйл хэрэгт татан оролцуулах, улмаар боловсролын тогтолцоонд урт хугацааны эерэг өөрчлөлт бий болгоход чиглэдэг.
Teach For Mongolia нь 2022 онд байгуулагдсан цагаасаа хойш боловсролын тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, салбар бүрийн залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулан орон нутгийн сургуулиудад хоёр жилийн хугацаатай багшаар илгээж, багшлах арга зүй болон хувь хүний хөгжлийн сургалтаар тасралтгүй дэмжин ажиллаж байна.
Уулзалтын үеэр Боловсролын яам, Teach For All болон Teach For Mongolia байгууллагууд багшийн хөгжлийг дэмжих, багшлахуйн чанарыг сайжруулах чиглэлээр хэрхэн илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх гол хүчин зүйл нь чадварлаг багш, сургуулийн манлайлал, орон нутгийн оролцоо гэдгийг онцлоод, багшийн мэргэжилд шилдэг залуус, олон салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг татан оруулах шинэ боломж, гарцуудыг хамтран судлах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Талууд цаашид багшийн хөгжлийн хөтөлбөр, залуу манлайлагчдыг багшлах үйл хэрэгт татан оролцуулах санаачилга, орон нутгийн сургуулиудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал солилцов.
Холбоотой мэдээ
-
2026-06-19
-
2026-06-19