Эрүүл мэндийн яам болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтран эрүүл мэндийн салбарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төрийг доромжлон харьцах, алагчлах болон ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын 30 эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд оролцогчид хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ байгууллагадаа сургалт зохион байгуулах сургагч багшийн чадавхыг эзэмших юм. Сургалтын нээлтийн үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Эрдэнэбаяр “Эрүүл мэндийн салбарт хүний эрхэд суурилсан мэргэжлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдэлсэн тусламж үйлчилгээний соёлыг бэхжүүлэхэд энэхүү сургалт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор (Ph.D), профессор Я.Цэлмэн “Эрүүл мэндийн салбар нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүмүүнлэг, хүний төлөөх үйлсийн нэг бөгөөд энэхүү сургалт нь салбарын хүний эрхийн боловсролыг бэхжүүлэх чухал алхам болж байна. Цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сайн эхлэл болно” хэмээн тэмдэглэв. Сургалтын хүрээнд оролцогчид хүний эрхийн үндсэн зарчим, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах үйлдлээс урьдчилан сэргийлэх арга зам, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах асуудал, хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарчим, сургагч багшийн арга зүй зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх юм.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарт хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ
-
2026-06-19
-
2026-06-19