Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам – Даншиг наадам 2026” арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
Арга хэмжээний үеэр Очирваань бурхны тахилга, Чингис хааны сан тахилга, Цам харайх ёслол, Сор залах ёслол, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, балин тосон урлал, унзад, голч нарын тэмцээн болно. Мөн улс, аймаг, сумын цолтой 256 бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, “Уухай” шагайн харвааны тойром, сээр шалгах тэмцээн зэрэг үндэсний уламжлалт спортын арга хэмжээнүүд болно. Арга хэмжээний үеэр “Тэжээхүй ухааны төв”-ийн уламжлалтын эмч нар болон Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам нар иргэдэд үзлэг, зөвлөгөө өгч үйлчилнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын үүсэл, хөгжлийн түүхэн үечлэлийг гурван үе шатаар харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдана. Харин 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн есөн дүүргийн шилдэг өвлөн уламжлагчдын оролцсон “Ардын язгуур урлагийн тоглолт”, мөн Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт тус тус болно.
Холбоотой мэдээ
-
1 цаг 43 мин
-
2026-06-19
-
2026-06-19