ЭЗБХ: ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД, ХАРААТ БУС БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 42 мин

Эдийн засгийн байнгын хорооны 2026.06.24-ний өдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын товыг хойшлуулах Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэнгүй. Мөн “Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Энэ хуулиар Газрын тосны тухай 1991 оны хуулийн хүрээнд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалж, тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгох зэрэг асуудлыг зохицуулах юм.

Үүний дараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18,987,977.9 сая төгрөгөөр, Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 20,414,286.0 сая төгрөгөөр батлахаар тусгажээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэхүү хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчит компани нь хариуцлага, эрх, үүргийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, үр ашигтай, хөндлөнгийн хяналттай, ил тод, мэргэжлийн, санхүүгийн сахилга баттай байх зэрэг зарчмыг тусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Орон сууцжуулалтын тухай хуулиар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөн болон үр ашгийг дэмжих, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулах юм.

Орон сууцны зээлийн урт хугацааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон эх үүсвэрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, банкны салбараар дамжих санхүүжилтийг тогтвортой болгох, хөрөнгийн зах зээлийн хэрэгслийг орон сууцны санхүүжилттэй уялдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.

Хуралдааны төгсгөлд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөл батлагдсанаар бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх дарамтыг багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.