Онцгой байдлын ерөнхий газраас АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч,эмнэлгийн мэргэжилтэн нарын сургалт, дадлагыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрыг түшиглэн зохион байгууллаа.
Сургалтад 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, халдварын сэргийлэлт, сэтгэлзүйн дэмжлэг, гамшгийн үеийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлсэн юм.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Байгууллагын бэлтгэл, бэлэн байдал нь зөвхөн техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслээр хэмжигдэхгүй. Харин эрүүл, ажиллах чадвартай, үүрэг гүйцэтгэх бэлэн байдалтай хүний нөөцөөр хэмжигддэг. Иймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч бус, байгууллагын хүний нөөцийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын гол хэрэгжүүлэгчид юм. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/171 дүгээр тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр (2025-2028)” болон алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих, хамгаалах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Цаашид алба хаагчдын эрүүл мэндийн тандалт, эрт илрүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Сургалтын хүрээнд ажил мэргэжлийн онцлог, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын ирүүлсэн санал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, эрүүл мэндийн чиглэлийн бодлого, хэрэгжилт, Үндэсний аюулгүй байдалд био аюулыг үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварт өвчин, гамшгийн үеийн сэтгэл зүй зэрэг өргөн хүрээнд мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг дагуу мэдлэг, мэдээллийг өгч, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах ажлын шинэ арга барил, шийдлийн талаар харилцан туршлага солилцсон юм.

АШУҮС-ийн хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд уламжлалт анагаах ухааны зүү-төөнө засал чиглэлээр хоёр, мэдрэл судлал чиглэлээр нэг, дүрслэл оношилгооны чиглэлээр нэг, сэтгэл зүйн баримжаа олгох чиглэлээр гурав, яаралтай тусламжийн сувилагч бэлтгэх курс нэг буюу нийт найман алба хаагч суралцаж мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн бол анагаах ухааны магистрын хөтөлбөрт нэг алба хаагч суралцаж байна.

Холбоотой мэдээ
-
22 цаг 2 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19