МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН ОЛИМПИАД БОЛНО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Монгол, Оросын өсвөрийн геологичдын II олимпиад энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад болох гэж байна. Хоёр орны хамтарсан олимпиад Катунь мөрний эрэг дагуух Чемалын дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэл хангажээ.

Албан ёсны нээлт долоодугаар сарын 1-нд болох юм. Нээлтийг Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов нар цахим мэндчилгээ дэвшүүлэн, тэмцээний албан ёсны үйл ажиллагааг эхлүүлнэ. Тэмцээнд Монгол, Оросын талаас тус бүр таван баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Монголын талаас эх орноо төлөөлөн нийт 40 сурагч багш, шүүгч нарын хамт оролцох бөгөөд бэлтгэл хангагджээ.

Олимпиадын албан ёсны нээлтийг долоодугаар сарын 1-нд товлосон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа болон хоёр улсын геологийн салбарын төрийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид арга хэмжээнд оролцох юм.

Тэмцээн геологийн маршрут, палеонтологи, минералоги ба петрографи, шлихийн сорьцлолт, гидрологи, геофизик, хээрийн отог байгуулах, аюулгүй ажиллагааны үндэс гэсэн найман төрлөөр өсвөрийн геологичид өрсөлдөх юм. Үүнээс гадна гэрэл зураг, гар зургийн уралдаан, спортын тэмцээн, танин мэдэхүйн аялал, сургалт, лекц зэрэг дагалдах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдсан тус олимпиад ийнхүү уламжлал болон үргэлжилж байгаа нь хоёр улсын геологийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах алхам болох нь.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.