Өнөөдөр /2026.06.25/ ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуулийн Уул уурхайн тэнхимийн декан, Маркшейдерийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Йорг Бенндорф, Ус судлал, геохимийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Трауготт Йоахим Шайтт, МонголУлсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Д.Баяр нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Налайх дүүргийн уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлт, хүнцлийн бохирдол, газрын суултын эрсдэл, ус, хөрс, агаарын орчны аюулгүй байдал, уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов. Талууд уул уурхайн нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн шийдэл бус байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн уул уурхайн боловсруулалтын орчин үеийн технологийг нэвтрүүлэх, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шийдлийг нутагшуулах асуудлыг хэлэлцэв.
ХБНГУ-ын тал олон жилийн туршлагадаа тулгуурлан хуучин уурхайн бүсийг аюулгүй болгож, нөхөн сэргээх, байгалийн тогтцыг сайжруулан сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй, стандартад нийцсэн нөхөн сэргээлтийн жишиг загвар бий болгож, уул уурхайн компаниудад зөвлөмж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов.
Уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухал байр суурь эзэлж буйг талууд тэмдэглэж, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн бодлоготой уялдсан боловсрол, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Герман–Монголын хамтын ажиллагааг өргөжүүлж, Налайхын уурхайн нөхөн сэргээлт, аялал жуулчлал, боловсруулалтын үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжлийн шинэ боломжуудыг хамтран бүрдүүлэх чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар санал солилцов.
Холбоотой мэдээ
-
22 цаг 4 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19