Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" -ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Монголбанкны Санхүү, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтэстэй хамтран “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар С.Галбадрах удирдан явуулж, авлига, эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллага дахь шүгэл үлээх тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, ISO 26000 болон ISO 37301 стандартын хэрэгжилт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
Сургалтын үеэр авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин, байгууллагын дотоод хяналт, ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, Олон улсын стандартын шаардлагыг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чиглэлээр бодит жишээ, туршлагад тулгуурласан мэдээлэлтэй танилцлаа. Сургалтад Монголбанкны газар, хэлтсүүдийн төлөөлөл болох 170 гаруй ажилтан хамрагдаж, авлигаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ёс зүй, засаглалын чиглэлээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсний дээр Монголбанкны ажилтнуудын авлигын эсрэг мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагын шударга, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.


-
3 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19