"1024 бөх барилдана, эхний өдрийн барилдааныг үнэ төлбөргүй үзэх боломжтой"
Ulsturch.mn
Нийтлэл
/
1 цаг 21 мин

Наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н. Номтойбаяр өнөөдөр /2026.06.30/ Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой шийдвэрийг өнөөдөр танилцуулав.


Тэрбээр "Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Өмнөх жилүүдэд бөхчүүдийн допингийн шинжилгээ маш их хэл ам дагуулж, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад бид урьдчилсан допингийн шинжилгээ авсан бөгөөд одоогоор нэг ч бөхөөс допинг илрээгүй.

Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны стандартад нийцсэн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч, цаашдын наадмын допингийн шинжилгээг дотооддоо хийх зохицуулалтыг бүрдүүлж байна.

Мөн хурдан морьтой холбоотой сэрвээний өндөр, намтай холбоотой маргаан гардаг. Энэ удаа дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтлөн орж шалгуулдаг байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллана. Туршилтуудыг хийсэн бөгөөд уяачид өргөнөөр оролцож, хүлээн зөвшөөрсөн.

Цаашлаад дараа жилээс Монгол морины удмын санг бүрдүүлнэ. Ингэснээр хурдан морины уралдааныг илүү зохион байгуулалттай, мэдээлэлд суурилсан хэлбэрээр зохион байгуулах боломж бүрдэнэ. Мөн наадмын тасалбар болон урилгыг Наадмын комиссоос тогтоосон үнийн дагуу борлуулж байгаа. Ямар нэгэн байдлаар үнэ төлбөрөөс чөлөөлөгдөх хүн байхгүй. Харин гадаадын зочдод урилгыг үнэ төлбөргүй олгож байна. Энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудлыг засаж, ариун цэврийн өрөө, хогийн цэгийн хүртээмжийг сайжруулж байгаа явдал юм. Мөн 208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно. Үүнээс гадна олон улсын хоолны фестиваль, үндэсний бүтээгдэхүүний өдөрлөг зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Мөн 1024 бөхийн барилдааны асуудал эцэслэгдсэн. Хуулийн дагуу энэ жил 1024 бөх барилдана. Харин долдугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа болох бөгөөд тухайн өдөр үзэгчдэд үүд хаалга нээлттэй, үнэ төлбөргүй үзэх болмжтой" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.