Ж.ЭНХБАЯР: Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн олон чухал хуулийг хаврын чуулганаар баталлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 28 мин

Монгол Улсын 9 дэх удаагийн парламентын 2026 оны хаврын чуулган өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлт, бизнесийн эрх зүйн орчныг нээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд олон чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийн өсөлтийг хадгалах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллалаа.

Эдийн засгийн өсөлт нь иргэн бүрд хүрч, бодит үр өгөөжөө хүртэх зарчмыг баримталж байна. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал бидний гол зорилго байлаа. Эдийн засгийн өсөлт бол зөвхөн тоон үзүүлэлт биш. Энэ нь иргэдийн орлого нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулалт өсөх, шинэ боломжууд бий болох, улс орны өрсөлдөх чадвар бэхжих бодит үр дүнгээр хэмжигдэх учиртай. Цаашид Эдийн засаг, хөгжлийн яам урт хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн төрөлжилт, хувийн хэвшлийн манлайллыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Хаврын чуулганы хугацаанд:

1. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, түүнийг дагасан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг 97 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг нээж өглөө.

2. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулснаар газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Алтанширээ газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах болмжийг нээлээ.

3. Евразийн Эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар энэ оны долоодугаар сарын 22-ны өдрөөс Монгол Улсын ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн 180 сая хүн амтай зах зээлд татварын нэн хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрэх боломжтой боллоо.

4. Монгол Улсын Хөгжлийн банк нь өнгөрөгч зургаадугаар сарын 26-ны өдөр олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа.

5. Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулж, үндэсний Эрдэнэставан толгой ХК олборлолтын үйл ажиллагаа явуулахаар боллоо.

6. “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг батлууллаа.

7. Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлууллаа.

8. Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” бизнес эрхлэгчдээс нийт 2.7 их наяд төгрөг (2,692,835,821,606₮)-ийн дүн бүхий 32 гомдол ирснийг шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.