Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёрдугаар хурлаа зохион байгуулж хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, хүүхдүүд оролцов. Хоёрдугаар хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Дэд зөвлөлийг байгуулж, дүрмээ баталлаа. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж, хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй ажиллах юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн нийт хүн амын 36 хувийг хүүхэд эзэлж байна. "Хүүхдэд ээлтэй хот" зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны асуудлыг бодлогын түвшинд тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаагаа онцоллоо.

“Хүүхэд эрдэнэ хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн (phd) Я.Байгалмаа Нийслэлийн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдалд хийсэн судалгааг танилцуулав. Эрүүл мэнд, өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь, осол гэмтэлд өртсөн, хүчирийлэлд өртсөн хүүхдийн тоо өндөр байгааг судалгаанд дурьдсан байна. Тиймээс хүүхэд бүрийн амьдрах, сурах, тоглох орчны болон үйлчилгээний стандартуудыг хэрэгжүүлэх, сурагчдад чанартай үдийн хоолоор хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх багц ажлыг хийж, ЕБС-ийн спорт, урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах, биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Аж үйлдвэрийн хувьсгал, цахим шилжилт, дижитал технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Иймд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн амралт, чөлөөт цагийн орон зайг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд чиглэсэн аливаа шийдвэрийг гаргахдаа тэдний дуу хоолойг сонсож, санал санаачилгыг бодитой тусгах нь чухал гэдгийг илэрхийллээ.

Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилгад нэгдсэн. Энэ хүрээнд Нийслэлийг хөгжүүлэх 2026 оны төлөвлөгөөнд хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, "Хүүхдэд ээлтэй хот" санаачилгыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр 17, бусад салбартай уялдсан нийт 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилсан "Хүүхдийн төлөө “За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хүүхдийн хөгжил, хамгаалал, аюулгүй орчинд чиглэсэн олон бүтээн байгуулалт, төсөл хэрэгжиж байна.

Хурлын төгсгөлд Монголын Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”, Монголын Хүүхдийн ордны өргөтгөл 6 давхар бүхий спорт цогцолборын барилгын ажилд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил, “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”, “Эрсдэлийг илрүүлье, аюулыг арилгая” аян, "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр", “Сүүн дархлаа” хөтөлбөр, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэг ээлжинд 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зуслан, сургуулийн автобус төсөл зэрэг аян, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлэв.


Холбоотой мэдээ
-
2 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 17 цаг 47 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
2026-06-30