Замын-Үүд дэх Гаалийн газрын 20 албан хаагчийг шилжүүлжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 34 мин

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн 36 улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.

Харин Гаалийн ерөнхий газраас зөрчил гаргасан албан хаагчдадаа хэрхэн сахилга, хариуцлага тооцсон талаар ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар “Он гарснаас хойш Гааль болон Төрийн албаны тухай хууль зөрчсөн 91 албан хаагчид сахилгын хариуцлага, зургаан албан хаагчид ёсзүйн зөрчлийн арга хэмжээ тооцсон.

Тодруулбал, 26 албан хаагчийн үүргээ биелүүлэх эрхийг түр түдгэлзүүлсэн. Мөн гаалийн улсын байцаагчийн эрхийг хассан, сануулах хэлбэрийн шийтгэл ногдуулсан, зэрэг дэвийг бууруулсан, албанаас халсан зэрэг шийтгэл оноолоо. Түүнчлэн Замын-Үүд дэх гаалийн газраас 20 гаруй албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан.

Энэ бүх албан хаагч авлига, албан тушаалын зөрчил гаргасан гэсэн үг биш юм. Зарим нь ёсзүйн зөрчил гаргасан, эсвэл ажилдаа хайнга хандсан зэрэг зөрчил бий. Гаалийн байгууллага дотооддоо сахилга, хариуцлагыг чангатгаж байгаа” гэж мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

Улмаар бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг АТГ-аас илрүүлэн шалгаж буй юм.

Twitter logoPost

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.