Б.Батбаяр: Үерийн эрсдэлтэй бүсэд 1917 айл өрх амьдарч байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 9 мин

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас үер, усны нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.07.08/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Батбаяр:

-Өчигдөр үргэлжилсэн борооны улмаас нийслэлийн зарим дүүрэгт үер, усны хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотын зүүн хэсгээр 13 мм, баруун хэсгээр 47 мм хур тунадас орсон бөгөөд ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд үер, устай холбоотой 25 дуудлага, мэдээлэл ирсэн. Нийслэлийн хэмжээнд ус тогтдог 103 байршлыг тогтоосон. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн 38 байршилд ус тогтсон мэдээлэлтэй байгаа бөгөөд үүнээс 15 байршилд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Геодези, усны барилга байгууламжийн газраас 90 ажилтан, алба хаагч 32 техник хэрэгсэлтэйгээр, Онцгой байдлын байгууллага болон дүүргийн Онцгой комиссоос 146 алба хаагч, 35 техник хэрэгсэлтэйгээр үерийн хор уршгийг арилгах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн өдрийн үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэл хүргэсэн. Гэсэн хэдий ч зарим орон сууцны В1 давхарт ус орох тохиолдол гарсан.

Онцгой байдлын байгууллагаас үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхийн судалгааг гаргахад нийт 1917 айл өрх байгаа гэсэн тооцоо бий.

Гэвч зарим айл өрх нүүхгүй гэсэн байр суурьтай байдаг нь хүндрэл учруулж байна. Үерийн өндөр эрсдэлтэй нөхцөл байдал ихэвчлэн голын ай сав, гол дагуух бүсэд үүсдэг. Улаанбаатар хот 1200 орчим км хатуу хучилттай автозамтай. Үүнээс борооны ус зайлуулах шугам сүлжээ ердөө 201 км байдаг. Үлдсэн хэсгийн ус зайлуулах асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд өмнө нь зам барихдаа ус зайлуулах шугамыг орхигдуулсан тохиолдол бий.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.