Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-18-ны хооронд нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, долдугаар сарын 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно. Ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган аймагт 10-нд, харин 11-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орох тул үер, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Мөн долдугаар сарын 9-ний байдлаар Монгол орны гол мөрний 60 орчим хувь нь олон жилийн дунджаас бага, 30 орчим хувь нь дунджаас ахиу урсацтай байна. Харин Алтайн нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5-10 сантиметрээр давсан байна.

Цаашид Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэх эрсдэлтэй байгаа тул голын сав дагуу аялж, амарч буй иргэдийг голын эргээс зайтай буудаллах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг онцгойлон зөвлөжээ.

Улаанбаатар хотод долдугаар сарын 10-ны үдээс хойш, 10-наас 11-нд шилжих шөнө, 11-ний өглөө, мөн 12, 13-нд бороо орж, зарим үед дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Энэ хугацаанд агаарын температур шөнөдөө +6…+11, өдөртөө +18…+23 градус хүртэл сэрүүсэх бөгөөд 14-нөөс дулаарч шөнөдөө +10…+15, өдөртөө +20…+25 градус дулаан байх төлөвтэй байна.

Цаг уурчдын мэдээлснээр ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр байх боловч борооны өмнө түр зуур ширүүсэх тул наадамчин олон, орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.