МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Батхуяг
Үйл явдал
/
53 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.АМАРСАЙХАН Гадаад хэргийн сайд Жу Хён-ийн хамтаар “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Мөн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.

Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлагдах бөгөөд үүний дараа Талууд дотоодын хуулийн шаардлага хангагдсан тухай батламж жуух бичгээ солилцсоноос хойш 6 сарын дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.