Монгол Улсад сургалтын норм, хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангахын тулд 9,796 багш шаардлагатай
Ulsturch.mn
Үйл явдал
/
45 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах дараах тайлбар гаргалаа.

Тэрбээр "Монгол улс багшийн дутагдалгүй" гэж зарлалаа гэж ойлгосон. Үнэхээр тийм бол баяр хүргэе. Гэхдээ сайд та буруу бодож байна гэдгийг тооцоон дээр үндэслэн тайлбарлая. УИХ дахь боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагчийн хувьд, МАН-ын дэргэдэх боловсролын бодлогын хорооны даргын хувьд тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж ирснээ ташрамд хэлье.

Өөрийн итгэл үнэмшил байгаа учраас багшийн хомсдол, сургуулийн хүртээмж зэрэг асуудалд “Яам”-ыг тоооцооллоо зөв хийхийг шахаж, шаардсаар ирсэн. Үүнийг буруугаар ойлгож, маргалдах шаардлагагүй. Харин ч тооцоо судалгаагаа нийлүүлж, хамтдаа ярилцаж, хаана алдсан оносноо мэдэж, боловсролын салбараа урагшлуулах учиртай бус уу?

Энэ бичвэр хэтэрхий урт санагдах байх, гэхдээ боловсрол бол улс орны ирээдүй, хөгжлийн суурь, тиймээс ч иргэн бүр анхаарч, энэ салбарын тооцоолол хэрхэн алдагдсаныг дараах судалгаатай танилцаж мэдээсэй гэдэг үүднээс бичиж байна.

Монгол Улсад нийт 899 сургууль 818,612 сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа. Бага буюу 1-5 анги 12,201 бүлэг, дунд буюу 6-9 анги 9,392 бүлэг, ахлах буюу 10-12 анги 5,271 бүлэгтэй. Нийт 40,642 багшилж байгаагаас 34,975 нь төрийн өмчийн сургуульд байна. Уг нь багшийн дутагдлыг тооцох нь “шаардлагатай багш”-ийн тооноос “одоо ажиллаж байгаа багш”-ийн тоог хасаад л гаргах хялбар зүйл. Бидний тооцоо шаардлагатай багшийн тоог гаргах дээр зөрөөд байгаа юм.

ЧАНАР ЯРИХ УУ, ЭСВЭЛ ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР БАГШИЙН ТООГ НӨХӨХ ҮҮ?

Яам маань сургуулиудаас шаардлагатай болон дутуу багшийн тоог шууд асууж гаргуулдаг. Сургуулиуд ажиллаж байгаа багшийнхаа нөөцийг тооцож, багш нартаа илүү цаг хувиарлахаа тооцоолж, гарцаагүй дутах багшийн тоогоо л яаманд гаргаж өгнө. Мэдээж тэтгэврийн багш, их сургуулийн төгсөх курсын оюутан, цагийн багш гээд бүх нөөцөө шавхаж аль болох дутагдал багатай гаргахыг чармайна.

Харин манай багийн хувьд сургалтын чанарыг 1-рт тавих зарчим барьж, журамд заасан норм нормативыг санд мөрдөж, үндэсний цөм хөтөлбөрт буй бүх хичээлийг оруулахаар тооцсон.

Бидний баримталсан зарчим бол,

  1. Багш бүр долоо хоногт нормт 19 цагийн хичээл заах ёстой.
  2. Багш зөвхөн өөрийн үндсэн мэргэжлийнхээ хичээлийг заана (түүх + нийгэм, биологи + эрүүл мэнд, дүрслэх урлаг + дизайн технологи зэрэг судлагдахууныг хоршиж заах боломжтой гээд, бусад хоршлоос татгалзсан)
  3. Англи хэл, мэдээлэл зүй, технологийн хичээлийг улсаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу дэд бүлэг (подгрупп)-ээр орно гэж үзсэн.

Энэ зарчмаар тооцоход нийтдээ 50,440 багш шаардлагатай гэж гарсан. Үүнээс одоо ажиллаж байгаа 40648 багшийг хасахад дутагдалтай багш 9796 гэж гарсан. Тухайлбал, математик - 543, монгол хэл бичиг -1,263, англи хэл -2,451, физик -463, химийн -759… гэх мэт багшийн хомсдол хичээл бүрээр гарсан гэсэн үг. Хамгийн их багш дутагдалтай сургуулиудыг ч гаргасан. Аймаг бүрээр ч гаргасан.

Яам өөрөө нэгтгэдэг их өгөгдөл дээр суурилсан тул бид тооцооллоо хариуцлагатайгаар хамгаална. Энэ тооцоог няцаахын тулд, “багш нарын цалин бага тул илүү цагтай байж болно”, “математикийн багш олдохгүй тул физикийн багш математик зааж болно”, эсвэл “анги танхим хүрэлцэхгүй байхад англи хэлийг подгруппээр оруулах шаардлагагүй” гэж хэлэх байх. Үүнийг бид хүлээн зөвшөөрсөөр ирсэн тул сургалтын чанар унасан. Цаашид ч зөвшөөрөөд явах уу?

САЙД АА, БОДИТ БАЙДЛАА ЭГЦЭЛЖ ХАРЪЯ

9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж баталж байгааг огт ойлгосонгүй. Та ямар зарчмаар хэрхэн тооцоолол хийсэнээ нээлттэй тайлбарлана уу? Нээлттэй олон түмний өмнө шударгаар мэтгэлцэж болж байна. Тооцооллоо зөв хийхгүй бол багшийн хомсдолыг арилгах бодлого гаргаж чадахгүй шүү дээ.

Таныг багш, захирлуудтай биечлэн уулзаж, жаргал зовлонг нь сонсоосой гэж хүсэж байна. Захирлууд сургуулийнхаа хаалга ширтээд багш байрын хүн харагдвал авчих санаатай гордлогын нүдээр харж суугаа нь хэтрүүлэг биш бодит байдал шүү. Багш сурагчдадаа чанартай хичээл орохын тулд бэлдэх ёстой. Гэтэл өнөөдөр багш нарт тийм цаг алга. Илүү цагт дарагдаж, туйлдаж байна. Олон цаг заахаар хичээлийн бэлтгэл дутуу дулимаг хийгдэнэ, сурагчиддаа давтлага өгөх завгүй, бүүр дэвтэр засах цаг ч хомс байна. БИ БАГШ ХҮН. 7 хоногт 30 цаг самбарын өмнө зогсох ямар хүнд гэдгийг мэднэ.

Энэ бол түрхэн зуурын тооны маргаан гэхээс илүү бодлогын асуудал. Монгол Улс хүрэлцээтэй анги танхимд хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлье гэсэн бодлоготой байна уу? Эсвэл давчуу ангид ажлын ачаалал нь хэтэрсэн багш нараараа заалгаад жил болгон сургалтын чанар муудаж байгаагаа гайхаад явж байх уу? гэдгийг бид ярих ёстой.

Сургууль бол сурагчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, сургалтын чанартаа байнга анхаарах учиртай. Энэ удаа зөвхөн багшийн тоон хомсдолын талаар дурдлаа. Багш нарын чанарын хомсдолын талаар бас ярих ёстой. Бид багшаа хөгжүүлэх бодлогоо орхигдуулж ирсэн тухайгаа ч бас ярих ёстой. Сайдаа таны ярьж байгаа зүйл бол сургалтын чанар биш, багш дутагдалгүй гэсэнд анхаарч гаргасан судалгаа биш байгаасай" хэмээв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.