МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 0 мин

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймагт ажиллах үеэр аймгийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын “Нэгдсэн удирдамж батлах тухай” 3 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцав.

Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг үеийн нөхцөл байдал, салбар бүрийн хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл танилцуулж, санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн Онцгой комиссын дарга Н.Энхбат Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд шаардлагатай зарим асуудлыг танилцуулж, Засгийн газрын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлтээ уламжиллаа. Улсын төсөвт өндөр хэмжээний орлого төвлөрүүлдэг аймгийн хувьд хөгжлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтыг улсын бодлогоор дэмжих, Цогтцэций–Даланзадгад чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Цагаанхад суурьшлын бүсийг тосгоны статустай болгох, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр аймгийн Засаг даргаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг Засгийн газрын түвшинд уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бүрэн хангах, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.