Мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуйтай холбоотой осол гэмтэл зуны улиралд эрс нэмэгдэж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар дээрх тээврийн хэрэгслээс үүдэлтэй 1,989 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Оны эхний таван сард 754 тохиолдол бүртгэгдсэн бол зөвхөн зургаа, долдугаар сард 1,235 тохиолдол нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, зуны хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн осол эхний таван сарынхаас 1.6 дахин их байна.
Хохирогчдын дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Эхний таван сарын 754 тохиолдлын 61.4 хувь буюу 463 нь эрэгтэй, 291 нь эмэгтэй байсан бол зургаа, долдугаар сард эрэгтэйчүүдийн эзлэх хувь 61.8 болж, 763 эрэгтэй, 472 эмэгтэй тусламж үйлчилгээ авчээ.
Тээврийн хэрэгслийн төрлөөр авч үзвэл мопедтой холбоотой осол хамгийн олон байна. Эхний таван сард 335 тохиолдол бүртгэгдсэн бол зургаа, долдугаар сард 774 болж, нийт 1,109 тохиолдолд хүрчээ. Харин суррон болон цахилгаан дугуйтай холбоотой 347, скүүтертэй холбоотой 250 тохиолдол бүртгэгдсэн байна.
Зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүмүүс бус, явган зорчигчид ч өртөж байна. Эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуйнд мөргүүлж гэмтсэн 283 явган зорчигч ГССҮТ-д бүртгэгджээ.
Насны хувьд 20-иос дээш насныхан осол гэмтэлд хамгийн их өртөж байгаа бол 15-19 насныхны дунд мөн тохиолдол өндөр байна. Тус насны бүлгээс 677 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд тэдний гэмтлийн шалтгаанд мопед, суррон болон цахилгаан дугуйтай холбоотой осол зонхилж байна.
Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн бичил моторт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол гэмтлийн тоо ч дагаж өссөн үзүүлэлттэй байна.
-
3 цаг 11 мин
-
21 цаг 25 мин
-
Өчигдөр 12 цаг 15 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин