Г.Дамдинням: QR кодоор цагаа захиалаад шатахуунаа авдаг болно
Ulsturch.mn
Үйл явдал
/
58 мин

Шатахууны хомсдолыг бууруулах шуурхай штабын хурал өнөөдөр болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр Улаанбаатар хотын шатахууны түгээлт тогтворжиж эхэлсэн тул орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Тухайлбал, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгуудын шатахууны хангамжийг нэн тэргүүнд тогтворжуулах, томоохон сүлжээ бүхий шатахуун түгээх станцууд хуваарилалтаа зохицуулахыг үүрэг болгожээ. Мөн Газрын тосны газартай хамтран шатахуун татан авалтыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэл өгсөн байна.

Түүнчлэн дизель түлшний татан авалтад онцгой анхаарч, намрын ургац хураалт эхлэхээс өмнө газар тариалангийн бүс нутгийн агуулахуудыг дизель түлшээр бүрэн хангах шаардлагатайг хэллээ.

Иргэдэд хандаж, шатахууны хомсдолтой холбоотой бухимдлаа төрийн байгууллага, албан тушаалтнуудад илэрхийлэх нь зөв ч газар дээр нь 24 цагаар ажиллаж буй ШТС-ын эрхлэгч, түгээгч нартай зүй бус харилцахгүй байхыг хүсэв.

Мөн шатахуун түгээх үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, түгээгчгүйгээр QR код ашиглан автомашины дугаараар цаг захиалж, шатахуун авах системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийж байгааг мэдээллээ.

Г.Дамдинням сайд “Америк, Иран, ОХУ, Украины нөхцөл байдал сайжрах хүртэл шатахууны хомсдол дахин үүсэх эрсдэлтэй” гэдгийг онцолсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.