О.ЦОГТГЭРЭЛ: Бид бол парламент дахь ЦӨӨНХ. Цөөнх Засгийг унагах БОЛОМЖГҮЙ
Батхуяг
Үйл явдал
/
31 мин

Уламжлал ёсоор НАМЫН БҮЛГҮҮД хуралдаж, мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Олонхи болсноор бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн эрх баригч хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочихоод бусад руу нялзааж байгаа нь өрөвдмөөр улс төр шүү, увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай.

Ардчилсан нам төрийг тогтворгүй болгож байна гэдэг мэдээллийг зориудаар түгээж байна. Ер нь  УИХ дахь МАН-ын бүлгийн 68 суудал дээр Засгийн газарт нэгдсэн улс төрийн хүчин нэмэгдээд 80 суудалтай. Ийм  улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зхоион байгуулаад явахад Засгийн газрын огцруулах асуудал яригдахгүй. Засгийн газрыг огцруулах эсэх эрх нь олонхид л байгаа. Цөөнх болохгүй байгаа зүйлийг сануулж, хариуцлагын асуудлыг ярих нь үүрэг нь.

Цөөнх байр сууриа илэрхийлэхгүй бол УИХ-д ард түмний төлөөллөөрөө дамжуулж хяналтын үүрэг гүйцэтгэж байна гэж суух хэрэггүй.Цөөнх ажлаа хийж байна. Олонхи тогтвортой байдлаа хангаад УИХ-аа хуралдуулаад бодлогоо хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь үүрэг. Цаашид Ардчилсан нам олонхийг ирцээ бүрдүүлсэн тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн дүүрэн боломжтой.

Хоёрт, Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэж Ардчилсан нам шахаж байгаа. Бид шинэ зүйл олж зохиочихоод ийм шаардлага тавьж байгаа биш. Олон улсын парламентат ёс олон жил хөгжсөн оронд байдаг, парламентын арга механизм, үйл ажиллагааны нэг хэлбэр. Төсвийн хэлэлцүүлэг болж байна, маргаан өрнөж байна. Ерөнхий сайд дээр авлига, албан тушаалын асуудал яригдаж байна. Ийм үед бид хариуцлага ярихгүй чимээгүй суух юм уу. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв олруулаад ирсэн.

Бид нар олон нийтийг илүү орлоготой байгаасай цалин тэтгэвэр нь бодитой нэмэгдээсэй л гэж хүсдэг. Бодитой нэмэгдэнэ гэдэг нь цалин тэтгэвэр нь нэмэгдсэн нэртэй үнийн өсөлтөөр идчих бодлого оруулж ирчихээд ард түмэндээ хайртай гэж яриад PR-даад яваад байж болохгүй.

Хөдөлмиөр эрхэлж байгаа хүн бүрийн орлого бодитойгоор нэмэгдэх ёстой. Ийм бодлого Ардчилсан нам барьж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн нэртэй, эргээд үнийн өсөлтөд нэрвэгдчих зүйл ярьж ард иргэдийг хууран мэхлэх нь зохисгүй гэх зэрэг бодлогын асуудал байгаа учраас Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг  УИХ-д оруулж ирэх ёстой гэх асуудлыг Ардчилсан намаас тавьж байгаа.

“Миний бодлогыг дэмжиж байвал итгэл үзүүлэх асуудлыг дэмжиж өг” гээд оруулаад ирэх ёстой юм.  Дэмжчихвэл 43 их наядын төсөв ч дэмжигдэж байна гэсэн үг.  Энэ нь олон улсын парламентын нэг арга хэрэгсэл. Ардчилсан намаас бодож олоод хийж байгаа ажил биш. Үндсэн хуулиас аваад бусад хуулиудад ийм агуулгаар биччихсэн байгаа гацаанаас гарах арга хэрэгсэл шүү. МАН, Засгийн газраас мушгин гуйвуулсан  худал хуурмагт итгэхгүй байхыг хүсье.

Цөөнх УИХ-ыг гацаах боломжгүй, цөөнх Засгийн газрыг огцруулах боломжгүй. Өөрсдийнхөө алдааг цөөнхөд нялзааж байгаа асуудалд та бүхэн хэрсүү хандаж, олонхид шаардлагаг тавьж ажиллахыг хүсье гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.