Монгол Улсын амин судас болох эрчим хүчний салбар сүүлийн таван жилд 805 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тоог унших сэтгэл эмзэглэм. Энгийнээр хэлбэл, эрчим хүчний салбар 1 төгрөгийн орлого олохын тулд 1.14 төгрөгийн зардал гаргаж байна. Үнийн өсөлтийг нь хүчээр барьдаг атлаа сүүлийн 50 жилд нэг ч том эх үүсвэр нэмж бариагүй поп улстөрчдийн хар гайгаар ашиг бус алдагдал хүлээж, өр үйлдвэрлэсээр иржээ.
“Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэдэгчлэн ОХУ-ын эрчим хүчний шугам сүлжээнд багахан гэмтэл гарахад л баруун гурван аймаг тэр чигээрээ тоггүй болсон нь өнгөрсөн зуны үйл явдал. Өнгөрөгч оны зургаадугаар сард “ДЦС-3”-ын 9 дүгээр турбингенератор шатаж, 210 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч, нэг хүн амиа алдаж байлаа.
Хэрэглээ 50 МВт-аар, дулаан хангамж 110 Гкал-аар дутагдаж, нийслэлчүүд өнгөрсөн өвөл лааны гэрэлд хичээлээ хийж, газан плитка ашиглан хоолоо хийсэн зутруухан дүр зурагтай өвлийг үдэж байв. Хэдий ичмээр ч энэ бол бидний бодит үнэн амьдрал, бодит дүр зураг. “Үүнийг яаж шийдэх үү, аниа” гэдэг шиг цаашдаа энэ асуудлыг яаж шийдэх вэ. Энэ асуултыг монголчууд сүүлийн 20 гаруй жил лавтай улстөрчдөөсөө асуусан байх шүү. Өнөөдөр ч асуусаар.
Өвөл болохоор хүйтэн болдог
УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэнчлэн өвөл болохоор хүйтэн болох нь тодорхой юм. Энэ жил урд жилүүдээс ч хүйтэн өвөл болно гэдгийг цаг уурчид хэлж байгаа. Тэгвэл Монгол Улс нийт хэрэглээнийхээ 22 хувийг гаднаас импортолдог бөгөөд өвлийн оргил ачааллын үед өнгөрөгч онд 1836 МВт эрчим хүч хэрэглэж байсан бол 2026 оны хүйтэн өвлөөр 1956 МВт-д хүрнэ гэсэн мэргэжлийн судлаачдын дүгнэлт гарчээ. Дулаан үйлдвэрлэх манай улсын хүчин чадал 2418 Гкал бол өнөөдрийн байдлаар 3858 Гкал-ыг хэрэглээнд нийлүүлж, хүчин чадлаасаа давсан буюу улайстлаа ажиллаж байна. Товчхондоо, бидний хэрэглээ жилд 8-10 хувиар тогтмол өсөж байгааг энэ тоо харуулж байгаа юм. Хэрэглээгээ бүрэн хангах чадалгүй учраас импортын эрчим хүч хэрэглэж явсаар лавтай 100 жил боллоо. Өнөө жил ч тэр зарчмаараа л явна. ОХУ-аас авах 300 МВт дээр нэмээд БНХАУ-аас 80 МВт эрчим хүч импортлох яриа хэлцэл явж байна. Жилд 50-300 МВт-ын цахилгаан станцууд барьж байгаа ч өсөн нэмэгдэх хэрэглээгээ дийлэхгүй учраас Дорж, Дулмаагийн гэр тогтой, дулаантай байх эсэхийг “ТЭЦ-3,4” хоёр хамтраад үүрдэг гэчихвэл дэгсдүүлсэн болохгүй байх аа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэдхэн өдрийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний хэрэглээ жилд 8-10 хувь өсөж байна. Гэтэл цахилгаан станц барих ажлаа хойшлуулсаар л. Цагийн юмыг цагт нь хийсэнгүй. Улс орнуудад хэрэглээнээс гадна багадаа 20-30 хувийн нөөц хүчин чадал байдаг. Гэтэл Монгол Улс хасахтай учраас гаднаас гуйна. Гуйхдаа хэмжээтэй. Цаашдаа эх үүсвэрээ нэмэх ёстой. Нүүрсний, сэргээгдэх, цөмийн, устөрөгчийн эрчим хүчээ хөгжүүлье. Энэ жил ямар ч бэлтгэл нөөцгүй л сууж байгаа. Цахилгаан станцууд бүх хүчин чадлаараа ажиллаад ч хэрэглээгээ дийлэхгүй байгаа нь үнэн. Ингэж ажиллах нь ч доголдол үүсгэх эрсдэлтэй. Үүнээс ойрын гурван жилдээ гарахын төлөө ажиллана” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд төр эрчим хүчний салбараа бодлогоор дэмжиж нар, салхины сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарч байгаа ч ужгирч өвгөрсөн, хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд бэлэн болсон ДЦС-уудын техник, технологийг засварлаж шинэчлэхгүйгээр, түүнд төсөв санхүү тавихгүйгээр, анхаарч, анзаарахгүйгээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах байтугай өрнөөсөө өндийх ч аргагүй болтол нь энэ салбарыг элгээр нь хэвтүүлжээ. Гоё хот яриад ч дулаан, эрчим хүч зэрэг үйлдвэрлэх нэг ч болтугай станц нэмж барихгүйгээр нэг өрх айлыг ч дулаан, цахилгаанд холбож чадахгүй болтлоо доройтолд орчихлоо.
43 жилийн хүлээлт ба гялтайх сайн мэдээ
Нийслэлчүүдийн гол ачааг нуруундаа үүрч, нэг ч өдөр зогсохгүйгээр 40 гаруй жил зүтгэж буй “ДЦС-4”-ийг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш нэмж нэгийг ч ашиглалтад оруулж чадаагүй нь бидний зугтах аргагүй цор ганц үнэн юм. Амгалан, Бөөрөлжүүт, Багануур зэрэг цахилгаан станцууд ашиглалтад орж буй ч өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж дийлэхгүй байгаа юм. Тэгвэл 43 жилийн хүлээлтэд өнгөрсөн тавдугаар сарын 04-нд цэг тавьж, 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 мянган өрхийн хэрэглээг бүрэн хангах “ДЦС-5”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн сайхан мэдээ бол эрчим хүчний салбарт яах аргагүй итгэлийн гэрэл тусгасан үйл явдал. Төсөл гацаанд орохгүй үргэлжилвэл 2028 онд ашиглалтад орно.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын эхлүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарыг чөлөөлөх буюу “ДЦС”-уудын техник, технологийг шинэчлэх, засварлах төсөв, сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукционууд, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын 50 хувийн хурдтай явж буй бүтээн байгуулалт, Оюутолгойн ногдол ашгаас “ДЦС-6” барих санал, санаачилга нь дан ганц эрчим хүчний салбар ч бус монголчуудын олон жилийн хүлээлтэд хариулт өгсөн сайхан үйл явдал болов. Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүч бол улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хөгжлийн суурь юм” хэмээгээд салбарын хөгжилд улсын төсвөөс гадна Оюутолгой, ТӨК-иудын ногдол ашгийн тодорхой хувийг зарцуулахаа мэдэгдлээ.
Мөн нарны цахилгаан станц, батерей хуримтлуурын станц буюу сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукционыг 6, 9 дүгээр сард хоёр удаа нээлттэй зарласны үр дүнд нийтдээ 14 төсөл хувийн хэвшлийн санхүүжилтээр эхэлж, энэ өвөл 19.8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баруун аймагт ашиглалтад ороход бэлэн болжээ. Баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээний 17 хувийг хангах юм. Эрдэнэбүрэнгийн УЦС 50 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга, Хүннү хотын цахилгаан станц, “ДЦС-4”-ын 9 дүгээр турбингенераторын засвар шинэчлэл, “ДЦС-3”-ын өргөтгөл зэрэг төслүүд улстөржилтгүйгээр санхүүгийн гацаагүйгээр дуусвал ойрын гурван жилдээ эрчим хүчний хараат байдлаас гарч чадах холын мөрөөдөл ойртох нь ээ.
Түүнчлэн, Засгийн газар 1.4 их наядын төсвийн тодотголынхоо 300 гаруй тэрбумыг нь эрчим хүчний салбарт зарцуулахаар батлууллаа. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх шинэчлэлд 186.2 тэрбум, импортын цахилгааны үнийн өсөлтийн татааст 107.3 тэрбум, цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засварт 78.9 тэрбумыг тус, тус төсөвлөжээ. Ингэснээр энэ өвөлдөө ямартай ч лаа барихгүй өвөлжих нь ээ. Цахилгааны үнэ нэмэгдэхгүйгээр нэг өвлийг давах нь ээ гэсэн үг. Гэвч үнэ чөлөөлөхгүйгээр, төр хүчээр барьсаар байвал өр нэмэгдэнэ үү гэхээс өсөн нэмэгдэх хэрэглээ, хараат байдлаас гарч чадахгүй нь бас үнэн.
Шинэ хот байтугай шинэ байрыг ч ашиглалтад оруулж чадахгүй. Тийм учраас л орж ирэх ногдол ашгийн мөнгөөрөө пицца, чикен бус “ДЦС-6”-г барина хэмээн санаачилга гаргасан Ерөнхий сайдын саналыг хоёр гараа өргөн ард түмэн дэмжиж байгаа юм. Монгол Улс эрчим хүч, шатахууны хараат байдлаас гарах ёстой. Тэр тусмаа ойрын хугацаанд гарах ёстой. Нэмээд долдугаар станцаа ч ярьж эхлэх ёстой. Ингэж байж л бид лааны гэрэл, шатахууны очер хоёроос гарна. Тэр ажлаа харин Ерөнхий сайд Н.Учрал улстөржилтгүйгээр, элдэв гацаагүйгээр, амаргүй байна гэж аргацааж суухгүйгээр хийгээд явъя.
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15