Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон яамны удирдлагууд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, салбар хоорондын хамтын ажиллагааны явц, хэрэгжиж буй ажлууд, тулгамдаж буй асуудал болон цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх, эх орноо гадаадад сурталчлах, олон улсын тавцанд улсын нэр хүндийг бэхжүүлэхэд хоёр яамны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг талууд онцлов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: “Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд шуурхай холбогдон, гадаад харилцаанд нэг цонхны бодлогыг баримтлах нь зүйтэй” хэмээн онцолж, соёл, спорт, аялал жуулчлалын салбар нь, бүх яамдуудтай уялдаа холбоотой ажилладгийн хүрээнд бүтээлч, ажил хэрэгч санал санаачилгыг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн “GO Mongolia” үндэсний брэндийн хүрээнд гадаад сурталчилгааг тасралтгүй үргэлжлүүлж, шинэчилсэн мэдээллийг тогтмол түгээх, аялал жуулчлалын зорилтот зах зээлийг илүү оновчтой тодорхойлох, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, чанар дэд бүтцийг сайжруулах, хил орчмын аялал жуулчлалыг дэмжих чиглэлд бодитой хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг илэрхийллээ. Ингэхдээ дипломат төлөөлөгчийн газруудтай цахим уулзалт зохион байгуулж, энэ хүрээнд хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд, Соёлын элч, Өргөмжит консулуудын үйл ажиллагааг бодлогоор уялдуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, зорилтот улс орнуудын судалгаа, мэдээллийг солилцох, нийгмийн соён гэгээрлийн ажлуудыг хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал дэвшүүллээ.
Талууд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж буйг онцолж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарах, “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Дэлхийн экспо зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог өндөр түвшинд хангах, гадаад харилцаа, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.

Холбоотой мэдээ
-
1 цаг 29 мин
-
19 цаг 25 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин