Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг гэж Монголчууд ярьдаг. Өчигдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Гомбожав агсны хүү Монгол Улсын Гавьяат эдийн засагч Г.Занданшатар “НЭГ МОНГОЛ” хөдөлгөөн гэгчийг улс орон даяар эхлүүлж буй зарлав. Хамгийн сонирхолтой нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ гээд хэлчихсэн нь анхаарал татав.
Тэрээр “ХИЙСЭН ХУЛГАЙ, НУУСАН МӨНГӨ, ОРОЛЦСОН ТЕНДЕР БАЙХГҮЙ” гэдгээ онцлоод ХУДАЛ, ХУЛГАЙ, НҮҮРСНИЙ МАФИТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ гэв. Сонин байгаа биз. Тэгсэнээ Монголчуудын үнэт зүйл бол “МОНГОЛ ХҮН” гэж тодорхойлоод, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэгчээр улс орноо өөд датаж, хүн ардынхаа ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, орчин үеийн шинэ сорилт болсон техник, технологийн эрин зуунд дасан зохицохдоо МОНГОЛ гэсэн агуулгыг яаж хадгалах тухай гээд ярьж гарлаа.

Хамгийн эхлээд НЭГДЬЕ гэж байна.
Хүн бүрийн үзэл бодол, байр суурь, боловсрол, аж амьдралыг НЭГ ХАЙРЦАГТ хийж болохгүй ч НЭГ ҮНЭТ ЗҮЙЛ ДЭЭР аргамжиж болно гэнэ. Тэр нь “НЭГ МОНГОЛ” гэсэн санаа. МАН, АН, ХҮН, ИЗНН гээд улстөрийн үзлийн хувьд баруун зүүний, чөлөөл янз бүрийн тусгалтай намыг сонгож болох ч МОНГОЛ гэсэн нэг малгай өмсөж байгаа учраас бид НЭГ МОНГОЛ гэв. Хөгшин залуу, хүүхэд, идэр гээд насны хувьд, эрэгтэй эмэгтэй гээд хүйсийн хувьд ялгаатай ч МОНГОЛ ХҮН. Гадаад дотоод, хот хөдөө, эмнэлэгт, оффист гээд ажиллаж, амьдарч, оршин байгаа газар өөр ч МОНГОЛ гэсэн улсад байгаа учраас НЭГДЬЕ. НЭГ МОНГОЛ байя гэсэн санааг хэлэв. Цаад учир нь НЭГ ЭХ ОРОНТОЙ юм чинь улсынхаа төлөө л бүх санаа бодлоо нэгтгэе. Ингэхгүй бол гадаад орчин ХҮЙТЭН, дайн самуунтай, тогтворгүй байгаа. Улстөрийн агуулгатай янз бүрийн үзэл суртал нутагших эрсдэлтэй тул олон санаат оргож бусгадаггүй гэгчээр БОДОЛ САНААГАА НЭГ БОЛГОЁ гэж байгаа аж.

Дараа нь ЗӨВЛӨЛДӨЖ ярилцъя гэж байна.
Дэмжих дэмжихгүй, сайн муу, том бага байхаас үл хамаарч хэнийг ч ялгалгүй бүгдийнх нь үг яриаг сонсъё. Ярилцаж хэлэлцэхгүй бол бид ойлголцож нэгдэж чадахгүй. Зөв хууль, зөв ахлам, зөв сонголт хийж чадахгүй. Мэдээж бүх хүний хүсэлд нийцсэн ТӨГС ХУВИЛБАР гэж байхгүй тул олон хүний эрх ашгийг зөрчихгүй байх, олуулаа дэмжиж болох ХЭРЭГТЭЙ ШИЙДВЭРТ л хүрэх ёстой. Иймийн тулд ЗӨВЛӨЛДӨЖ ЯРИЛЦЪЯ. Хүмүүс хоорондоо ойлголцож ярилцаж чадвал НЭГДДЭГ, чадахгүй бол ДАЙСАГНАДАГ. Дэлхий даяар бид хүмүүжил, хүч чадал, мэдлэг боловсрол, оюун ухаан, тэсвэр тэвчээрээрээ онцгойрдог хэрнээ дотооддоо муудалцаж, талцан хуваагдаж, нэгнийгээ гутаан доромжилдог. Тийм учраас сайн зүйлсээ нэгтгээд яаж НЭГ МОНГОЛ хөгжих вэ гэдгээ ЗӨВЛӨЛДӨЖ ЯРИЛЦЪЯ гэв. Монгол улс АРДЧИЛСАН УЛС. Ардчиллын гол үзүүлэлт бол санаа бодол зөрөлдөөд ч хамаагүй ЗӨВЛӨЛДӨЖ ЯРИЛЦАН дундаасаа хамгийн зөв шийдлийг л олох явдал. Стенфордын их сургуульд “Зөвлөлдөх Ардчилал”-ын талаар суралцаж, судлахдаа үүнийг л ойлгосон. Үүнийгээ улстөр, эдийн засгийн салбарт ашигласан. Одоо тархай бутархай болж, янз бүрээр аж төрж байгаа ард түмэндээ ойлгуулан, тэдэнтэйгээ ЗӨВЛӨЛДЬЕ гэж шийдсэн хэмээн Ерөнхий сайд асан Г.Занданшатар онцлов. Тэрээр “Залуус РЕФОРМ” клубын гишүүдийн урилгаар ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР орлцож буй нь тэр. Наанаа залуучуудын нэгдэл, шинэчлэл гэсэн “шошготой” ч цаанаа мань эрийн албаар зохион байгуулсан уулзалт болох нь ирсэн зочид, урьсан судлаачид, танилцуулсан илтгэл, зассан тайзнаас нь илт байсан.

Тэгээд ШАТАР НҮҮЕ гэв...
Шатар уг нь оюуны их спорт. Харин монголд шатрыг улстөрийн зорилгоор ашиглах гэж байгаа нь сонирхолтой. Г.Занданшатар Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар баг тамирчдаа дагуулан Самаркандад зохиогдсон ДАШТ-д амжилттай оролцоод ирсэн тухайгаа ярив. Шатартай холбоотой түүний ярианаас сонирхолтой хэсэг нь аливаа улс орон шатрын спортыг тууштай хөгжүүлж чадвал дэлхийд өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, тухайн улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь өсдөг гэнэ. Орос, Хятад, Энэтхэг, АНУ, ФРАНЦ, БОЛГАР, ГЕРМАН зэрэг эдийн засгийн хүчирхэг орнууд хөгжлийнхөө явцад ШАТРЫН СПОРТООР ТЭРГҮҮЛЖ байсан гэнэ. Одоо Узбекистан, Казахстан улсууд “НОЁЛОЖ” эхэлсэн. Сая дэлхийн аварга болсон 15 тамирчнаа Узбекистаны Ерөнхийлөгч нь хүлээн авч тус бүрд нь 200 мянган доллар, автомашин, хаус бэлэглэлээ. Оюуны спортыг төрөөс ингэж дэмжиж, хөгжүүлж чадвал Монгол улс тэрбум хол давсан хүн амтай хүчирхэг улсуудаас ч ХҮЧИРХЭГ БОЛЖ ЧАДНА.Тийм учраас шатрын спортыг багаас нь хөгжүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөрт оруулж чадсан. Тун удахгүй бид ДЭЛХИЙН АВАРГА ШАТАРЧИДТАЙ болно гэв.
Шатар бол улстөр, эдийн засаг, геополитикийн шийдвэрлэх бодлогод ч нөлөөлөхүйц тийм хүчтэй нүүдэлтэй спорт. Та бүхэн ч бас шатар сонирх. Суралц, боломжоороо нүү. Сэтгэн бодох, анхаарал төврөлүүлэх, сөрөн тэсвэрлэх, ялалтад хүрэх гэсэн дөрвөн гол чанарыг ШАТРААС ОЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ. Оюуны спортоо дэмждэг, тамирчдаа алдаршуулдаг улс л одоо энэ цаг үед ХҮЧИРХЭГ ГҮРЭН БОЛЖ ЧАДНА гээд хэлчихсэн.

Дугуй тайзны ГОЛ ДҮР болов...
Улаанбаатар зочид буудлыг хүлээн авалтын танхим дүүрэн хүн цугларсан. Хоёр цаг гаруй болсон уулзалтын нэг сонирхолтой хэсэг нь ДУГУЙ хэлбэрээр тайз зассан явдал. Энэ бол АНУ, ЯПОН зэрэг улсуудын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид уулзалтдаа ашигладаг формат буюу анхаарлыг НЭГ ХҮН ТАТАХ арга. Түүний санааг сонсохоор Хөдөлмөрийн баатар, Ардын багш С.ДУЛАМ тэргүүтэй эрдэмтэд, Батлан хамгаалах яамны дэд сайд Д.БААСАНДАМБА хошууч генерал, ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ганбат тэргүүтэй цэргийн, аюулгүй байдлын зүтгэлтнүүд, МАН-ын нэр нөлөө бүхий гишүүд, ахмадууд, жензи үеийн залуус, “ЗАЛУУС РЕФОРМ” клубын үүсгэн байгуулагчид, илтгэгчид гээд олон хүн сонирхоод иржээ. ЦЭГЦРЭЕ уулзалтын гол хүн нь мэдээж Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар байв.
-
1 цаг 13 мин
-
17 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
2026-10-05
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин