Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
11 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  /2026.11.12/ ажиллав.

 Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

            “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны есөн сарын дотор 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.  

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн BDO аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв. 

Ерөнхий сайд  уурхайчидтай уулзаж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа.  Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Та бид одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа өмчийн эзний ёсоор мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.