УИХ-аар тамхины хяналтын тухай хууль хэдхэн хоногийн өмнө батлагдсан. Хууль батлагдахын өмнө ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг рүү чиглэсэн дайралт, доромж өнгө аястай мэдээллүүд ихээхэн цацагдсан. Энэ байдал харамсалтай нь хууль батлагдсаны дараа ч хүчтэй өрнөж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн сошиал хуудастаа ийн бичиж оруулжээ.
"...Хууль батлагдсан ч тамхины лобби зогссонгүй. Харин ч одоо хуулийн хэрэгжилтийг сааруулах оролдлогоо эрчимжүүлж эхэлжээ. Тамхины компаниуд, импортлогчид, борлуулагчид бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулах зорилготой хууль боловсруулах, батлуулах явцад ашиг сонирхлын нөлөөллөө оруулж чадаагүй бол хууль батлагдсаны дараа ч түүнийг сулруулах оролдлогоо үргэлжлүүлдэг. Энэ бол дэлхий нийтэд түгээмэл ажиглагддаг арга тактик юм.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс эцэслэн батлуулах хүртэлх үйл явц олон сорилт, саад бэрхшээлийг туулсан. Эцэст нь 2026 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-аар батлагдсаныг та бүхэн сайн мэднэ.
Гэвч хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гурван долоо хоногийн турш хойшлуулсаар байна. Түүнчлэн хууль санаачлан ажилласаны төлөө гүтгэлэг, дайралт олон нийтийн сүлжээнд өнөө хэр зогсохгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах, сааруулах сонирхол бүхий бүлэглэлүүдийн лобби үргэлжилж байгааг харуулж байна.
Үүний зэрэгцээ тамхины компаниуд хууль батлагдахаас өмнө бүтээгдэхүүнийхээ импортыг огцом нэмэгдүүлж, их хэмжээний нөөц бүрдүүлсэн талаарх Гаалийн байгууллагын тоо баримт ч ирж байна. Тухайлбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад халаадаг тамхины импорт 176 дахин, электрон тамхины импорт 61 хувиар өсжээ. Ийнхүү урьдчилан бүрдүүлсэн бүтээгдэхүүний нөөцөө үндэслэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлага тавих, цаашлаад хуульд заасан зохицуулалтыг сулруулах оролдлого гарч байна.
Энэ эрсдэлийг урьдчилан харж, тамхин бүтээгдэхүүний импортыг хяналтгүй нэмэгдүүлэхээс сэргийлэх зорилгоор би 2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 117 дугаар тогтоолыг батлуулахад санаачлан ажилласан юм. Тус тогтоолоор Тамхины хяналтын тухай хууль батлагдах хүртэлх хугацаанд тамхин бүтээгдэхүүний импортыг 2024 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон.
Нэгэнт батлагдсан хуулийн хэрэгжилтийг бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, тэдний урьдчилан бүрдүүлсэн бараа бүтээгдэхүүний нөөцөөр хэмжиж болохгүй.
Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хуулийг хойшлуулах, сулруулах ямар ч оролдлогыг хүлээн зөвшөөрч болохгүй.
Дахин хэлье! Нийгмийн эрүүл мэндээс давсан бизнесийн эрх ашиг гэж байх ёсгүй!
Холбоотой мэдээ
-
8 цаг 28 мин
-
10 цаг 24 мин
-
10 цаг 28 мин
-
Өчигдөр 19 цаг 42 мин
-
Өчигдөр 19 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 37 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 02 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
8 цаг 28 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин