
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ЕБ-ын Мандал сургууль, Улсын тэргүүний 3-р цэцэрлэг, Хулд сумын ЕБ-ын сургуулийн 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Тэрээр аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, ажилчид болон сурагч дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн, баяр хүргэлээ.
Өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, урамшуулахад чиглэсэн “Оюунлаг-Дундговь” хөтөлбөр, зарим хичээлийн сургалтын чанарт ахиц гаргахаар Математик, Байгалийн ухаан, Англи хэл төслүүдийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, хөтөлбөр төслийн хүрээнд 3 зорилт, 20 үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөн, орон нутгийн төсвөөс 419,0 сая төгрөгийг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Мөн “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн бүх сургууль, цэцэрлэг аяга таваг угаах зориулалтын тоног төхөөрөмжтэй болсон бол “Сүү” хөтөлбөр аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн оноос эхлэн үдийн цай хөтөлбөрт 1–12-р ангийн сурагчид бүрэн хамрагдаж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулж байна. Мөн ЖАЙКА-гийн төсөл амжилттай хэрэгжиж, хүүхдийн эрүүл мэндэд тустай хоол хүнсний үйлдвэрлэл, жор, технологийг нэвтрүүлсэн анхны аймаг болж, уг туршлагыг ном болгон хэвлүүлж, улсын хэмжээнд түгээн ашиглаж эхэлсэн байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 77 дахь удаагийн Дундговь аймгийн багш нарын бага хурлын үеэр боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг сонссоны үндсэн дээр эхний шийдлийг гаргаж, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөөврийн компьютер гардуулан өгч, цаашид сургалтын орчин, нөхцлийг шат дараатай сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.






Холбоотой мэдээ
-
10 цаг 37 мин
-
20 цаг 5 мин
-
20 цаг 5 мин