Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн форум – 2025” арга хэмжээг зохион байгууллаа
З.Батхуяг
/
5 цаг 37 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүний эрхийн форум – 2025” энэ онд “Хамтын эрх – хариуцлага” уриан дор 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө. Форумын хүрээнд “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил”, “Хүний эрх ба хот төлөвлөлт”, “Хүний эрх ба эрүүл, аюулгүй орчин” сэдвээр гурван салбар хуралдаан зохион байгуулж, хүний эрхийн тулгамдсан асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан хэлэлцэн, бодлогын түвшний шийдэлд хүрэх саналуудыг нэгтгэн боловсруулав.

Салбар хуралдаан бүрийн дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх Зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогчдоос санал авч баталсан нь форумын гол үр дүн байлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс нь олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын үр нөлөөг үнэлж, тулгамдсан асуудлыг тодорхойлон бодлогын шийдэл гаргахад чиглэсэн Хүний эрхийн үндэсний форумыг 2005 оноос хойш Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн “Хүний эрхийн форум – 2025” нь Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ойг угтан зохион байгуулагдсанаараа онцлог байв. Форумд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, хүний эрхийн хөгжил болон цаашдын бодлогын чиг хандлагыг хамтдаа тодорхойлсон чухал арга хэмжээ болж өнгөрлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.