Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 3 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.02/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-д бараалхав.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой тохиож буй энэ жил Шинэ Зеландын талаас дээд, өндөр түвшний айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ агуулгаар баяжин өргөжиж байгааг онцлов.

Тэрбээр хоёр талын харилцааг цаашид улам бүр бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг эдийн засаг, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг салбарт өргөжүүлэх, чингэхдээ хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Шинэ Зеландын хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан тулгардаг бэрхшээлийг хамтдаа даван туулах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чухлыг онцлов.

Түүнчлэн уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Шинэ Зеландын хонины ноосыг эрчимтэй хяргах орчин үеийн техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монголиа” ашгийн төлөө бус байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар сайшаан тэмдэглэж, тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн сургалт, арга хэмжээнүүдэд талархаж байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хагас зууны туршид улс төрийн итгэлцэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжиж ирснийг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.