Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 51 мин
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-тай өнөөдөр /2025.09.02/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.  
Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли-гийн айлчлал нь тус улсаас Парламентын даргын түвшинд Монгол Улс дахь анхны айлчлал болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж, түүхэн айлчлал хийж буй Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2025 онд тохиож байгаа тул баярын мэндчилгээг дэвшүүлэв. 

 

Ноён Ж.Браунли тэргүүтэй Шинэ Зеландын парламентын гишүүдийн энэхүү айлчлал нь хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг ажил хэрэг болгох, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Түүнчлэн Монгол, Шинэ Зеландын эдийн засгийн тулгуур салбар буюу хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.  

 

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжсөөр байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд 1996 оноос хойш сонгогдон ажиллаж буй гишүүний хувьд тэрбээр Монгол, Шинэ Зеландын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улс 1992 оноос хойш парламентын засаглалаа бэхжүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх зэргээр шаргуу ажиллаж буйг сайшаалаа. Монгол Улсын Их Хурлын “Гурван төгөлдөршил”-ийн бодлого дахь хууль цаг үеэ дагаж өөрчлөгддөг байх зарчим нь Шинэ Зеландад чухал шаардлагатай байгаа талаар дурдлаа.

 

Энэхүү айлчлал нь Монгол, Шинэ Зеландын харилцааны 50 жилийн ойг дээд түвшинд тэмдэглэж, хоёр улсын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдгийг талууд харилцан тэмдэглэв.

 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Шинэ Зеландын хонины ноосыг эрчимтэй хяргах орчин үеийн техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монголиа” ашгийн бус байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсныг талууд сайшаан тэмдэглэлээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.