Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар УИХ-ын гишүүд болон эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөл мэдээлэл өгч байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлэхдээ, "Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэх шалтгаан нь тодорхой. Монгол Улсад өсвөр үеийнхний тамхидалт маш хурдтай өсөж байна. 2019 онтой харьцуулахад 2023 онд янжуур болон цахилгаан, электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. 2025 оны байдлаар ДЭМБ-ын судалгаагаар 100 хүүхэд тутмын 60 нь, өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын хоёр нь электрон тамхи хэрэглэдэг, харин 33 хувь нь байнгын хэрэглэгч болсон байна. Энэ нь маш ноцтой үзүүлэлт юм.
Багш нар ч “сурагчиддаа сэтгэл тавьж дийлэхгүйд хүрч байна” гэж ярих болсон. Архи, тамхи нь монгол хүний дундаж наслалтыг бууруулагч хамгийн том хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Манай улс 2011–2013 онд дорвитой өөрчлөлт хийсэн ч түүнээс хойш бодит шинэчлэл хийж чадсангүй. Үүний улмаас тамхинаас үүдэлтэй нас баралт өндөр хэвээр байна. Жил бүр 4700 хүн тамхидалтын улмаас нас бардаг гэсэн тоо бол дунджаар хоёр сумын хүн амтай дүйцэхүйц хэмжээ.
Хамгийн үр дүнтэй арга бол өсвөр үеийнхнийг тамхидалтаас хамгаалах. Тамхи нь өөрөө бусад донтолт руу шилжих гарц болдог. Тиймээс хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлалын нэг нь электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах. Учир нь электрон тамхи яг адилхан хор хөнөөлтэй ч өнөөгийн хуульд хамрагддаггүй. Ингэснээр зар сурталчилгаа, орчинд татах, тусгай зөвшөөрөл зэрэг зохицуулалт адилхан үйлчилнэ.
Өсвөр насныхан электрон тамхинд хурдан орж байгаагийн нэг шалтгаан нь жимс, жимсгэнэ зэрэг үнэр, амтад татагдаж буй хэрэг. Барууны орнуудад ийм амт үнэртэй бүтээгдэхүүнийг хориглодог. Тиймээс бид ч мөн зөвхөн насанд хүрэгчдийн сонголтод үлдээж, амт үнэртэй бүтээгдэхүүний оролтыг хязгаарлах шаардлагатай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, далд маркетингийн асуудлыг зохицуулах. Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг кассан дээр ил задгай байршуулдаг нь хүүхэд залуучуудад хэрэглэх сэдэл төрүүлдэг. Тиймээс бусад орны жишгээр хаалттай шүүгээнд хадгалж зарах зохицуулалт хийхээр тусгасан.
Гуравдугаарт, татварын бодлого. Манай улсад янжуур тамхи дэлхийд байхгүй хямд үнэтэйд тооцогддог. 2017 оноос хойш онцгой албан татвар нэмээгүйтэй холбоотой. Тиймээс үе шаттайгаар татварыг нэмэгдүүлэх нь зайлшгүй. Энэ татварыг зөвхөн хэрэглээг бууруулах биш, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх орон зай, спортын хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Ингэснээр донтолтоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
Дөрөвдүгээрт, олон нийтийн мэдээлэл, соён гэгээрлийн ажил. ДЭМБ-ын дүгнэлтээр Монгол Улс тамхины хор уршгийн талаарх мэдээлэл түгээх ажилд хангалтгүй буюу “муу” үнэлгээ авчээ. Тиймээс электрон тамхины хор хөнөөл, Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх шаардлагатай байна" гэдгийг онцоллоо






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин