Д.АМАРБАЯСГАЛАН: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
3 цаг 10 мин

Эрхэм хүндэт оролцогчид, эрдэмтэн судлаачид аа,

Хурлын хүндэт зочид оо,

Ардчиллын үнэт зарчмыг эрхэмлэн, парламентат ёсыг төлөвшүүлэх замыг сонгосон Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлснээс хойш 35 жил өнгөрчээ.

Энэ бүх хугацаанд ард түмний засаглах эрхийг бэхжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурал, үе үеийн парламентын гишүүд, Тамгын газрын мэргэжилтэн, зөвлөхүүд болон парламентат ёсны эх ундарга болсон нийт ард иргэддээ байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Парламентын залгамж чанар” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь санан дурсах төдий арга хэмжээ бус, харин парламентын залгамж чанарыг судлах, ардчиллын баталгааг хэрхэн хангаж ирснийг эргэцүүлэн дүгнэх, сургамжаа ярилцах, ард түмэн засаглах эрхийн ач холбогдлыг таниулан сануулах, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бэхжүүлэх өндөр утга учиртай.

Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ.

Улсын Бага Хурал 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад орчин цагийн парламентын суурь тавигдсан түүхтэй.

Ардын Их Хурлын депутатуудаас сонгогдсон Улсын Бага Хурал ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд анхны Улсын Их Хурал бүрдэх хүртэлх хугацаанд ажиллахдаа олон хэвшил бүхий эдийн засагтай болох, өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоох, өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох зэрэг нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны шинжтэй өөрчлөлт авчирсан хуулиудыг баталсан байдаг.

Ингэхдээ Улсын Бага Хурлын гишүүд өнөөгийн бидний эрхэмлэн дээдэлж сахин мөрдөж буй эрх зүйн дээд хүчин чадалтай баримт бичиг болох Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд нөр их ажлыг нэр төртэй гүйцэтгэж бидэнд өвлүүлэн залгамжлуулсныг талархан санан дурсах ёстой.

Та бүхний суурийг нь тавьсан, ард түмэн засаглах түүхийн хэлхээ үргэлжилж байна.

Парламентын залгамж чанар нь зөвхөн парламентын бүрэлдэхүүн солигдох цаг хугацааны тухай ойлголт биш юм.

Энэ бол хууль тогтоох институцийн тасралтгүй үргэлжлэл, ажлын соёлын залгамж холбоо, ард түмний эрх зүйд итгэх итгэлийг хадгалах чадвар, төрийн зөв, оновчтой бодлогын тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг үеэс үед тээн хөгжүүлэх үнэт өв гэсэн өргөн хүрээнд яригдах ойлголт юм.

Үе үеийн Улсын Их Хурал парламентат ёсны хөгжилд хувь нэмэр оруулж, эрх зүй, төрт ёсонд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасаар байна.

Энэ удаагийн парламентад төлөөлөх үзүүлэлтүүд сайжирч 5 нам, эвслийн төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн төлөөллийн хувиар Азид тэргүүлж, дэлхийн дундажид хүрлээ. Түүнчлэн ажил мэргэжил, нийгмийн бүлгийн өндөр түвшний оролцоотой боллоо.

Улсын Их Хурал  эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх, эв нэгдлийг хангах, хүний эрхийг хамгаалах, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллах чиглэлээр “Хүн төвтэй” үзэл санааг онцгой анхаарч стратеги төлөвлөгөө баталж, “Гурван төгөлдөршил”-ийн бодлогод суурилан байнгын ажиллагаатай парламентын үйл хэргийг үргэлжлүүлж байна.

Өнгөрсөн 07 дугаар сард дэлхийн 180 орны төлөөлөл оролцсон Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсын төлөөлөгчдийн хамт оролцож Монгол Улсын парламент дахь төлөөллийн ахиц, шинэ стратегийн талаар илтгэл хэлэлцүүлэхэд Монголчуудын амжилтыг олон улс өндрөөр үнэлж, манай улсын туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлж байсныг дурдахад таатай байна.

Парламентын төлөөллийн үзүүлэлтийн хувьд бидэнд ахиц дэвшил байгаа хэдий ч энэ хүрсэн түвшиндээ сэтгэл ханаж тайвшрах ёсгүй.

Өнөөдөр дэлхийн хүн амын 50 гаруй хувь нь 30-аас доош насны залуучууд байхад тэдний парламент дахь төлөөлөл нь дундажаар 2.7 хувь, Төв Азид 4.1 хувь гэсэн Олон Улсын Парламентын Холбооны судалгаа бий. Харин манай улсад 30 хүртэлх насны парламентын гишүүд ердөө 0.79 хувь эзэлж, төлөөллийн түвшин нь хэт доогуур байна.

Цаашид парламентад нас насны иргэдийн болон нийгмийн өргөн хүрээний бүлгийн төлөөлөл бодитой бий болох зүгт илүү дэвшил гаргах шаардлагатай. Үүний зэрэгцээ орчин үед олон улсын түвшинд парламентын гишүүдийн чадавхыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх асуудал нийтлэг яригдсаар байна.

Өдгөө парламентын гишүүд судлаач, төсвийн хяналт тавигч, олон улсын харилцаанд оролцогч, ёс зүйн манлайлагч байх чадавх чухал болжээ.

Нэн ялангуяа зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж буй төсөв, санхүү, мөнгөний бодлого батлах, хяналт тавих бүрэн эрхийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд парламентын гишүүд нийтийн төсөв санхүүгийн мэдлэгтэй байх, санхүүгийн баримт бичиг уншиж дүгнэх чадвар эзэмших, түүнийгээ хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстой юм. Түүнчлэн иргэд сонгогчдоо ойлгож мэдрэх, дуу хоолой нь болж ажиллах зохион байгуулалт, менежментийн чадвар мөн чухал билээ.

Парламент нь нас, мэргэжил, туршлага өөр өөр хүмүүсээс бүрддэг учраас хууль тогтоох ажлыг чанартай, цаг үеийн хэрэгцээнд нийцүүлэн хийхийн тулд тэдний ур чадварыг хөгжүүлэх нь онцгой зүйл биш, харин байх ёстой энгийн үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм.

Парламентын хөгжлийн эдгээр асуудал, сорилт нь энэ хурлын анхаарлын төвд байж олон санал шийдлүүд хэлэлцэж яригдаасай гэж хүсэж байна.

Энэхүү хурлаар хэлэлцэгдэх эрдэм шинжилгээний илтгэлүүд нь зөвхөн онолын түвшинд бус, бодит түүх, практикт тулгуурлан Монгол Улс дахь парламентат ёсны хөгжил, уламжлал, шинэчлэл, сургамж, тогтвортой байдлын асуудлыг хөндөж байгаад талархаж буйгаа илэрхийлье.

Ард түмэн засаглах эрхийг чанартай, шуурхай, цаг үеийн шаардлагад нийцтэй, олон талын оролцоотой хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, сорилтын талаарх Та бүхний судалгаа, санал бодол, шийдлүүд нь хууль тогтоох байгууллагын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол эх орон маань цэцэглэн хөгжих болтугай.

2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот, Төрийн ордон

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.