Монголын шог зургийн “загалмайлсан эцэг”гэгддэг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын зураач Ц.Байды гуай Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж өөрт нь зориулан зурсан “Их газрын чулуу” уран бүтээлээ хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Шог зураачдын дундаас анхны Ардын зураач цолыг хүртсэн Ц.Байды гуай нь Дундговь аймгийн Хулд сумын уугуул бөгөөд Монголын дүрслэх урлагийн салбарт олон арван жил тасралтгүй уран бүтээл туурвиж, эх орныхоо байгаль, түүх, соёлын үнэт өвийг бүтээл бүрдээ шингээж ирсэн нэрт уран бүтээлч билээ.
Тэрээр энэ удаад өөрийн гараар, өөрт нь зориулан бүтээсэн, Дундговь аймгийн байгалийн гайхамшгийг илтгэн харуулсан “Их газрын чулуу” зургийг хувьд нь хадгалуулж байгаагаа хэллээ.
Засаг дарга С. Мөнхчулуун Ц. Байды гуайд талархал илэрхийлж, аавынхаа унаган нутгийн үзэсгэлэнт байгалын зургийг ирээдүй хойч үед өвлөгдөн үлдэх соёлын үнэт дурсгал болохыг онцлон тэмдэглэлээ.