Эрдмийн өргөөнөөс ТӨРИЙН ТАМГА АТГАЖ, эрх чөлөө, АРДЧИЛЛЫН ГАЛЫГ АСААСАН төрийн ноён нуруу ЖАМБЫН БАТМӨНХ
Батхуяг
Нийтлэл
/
15 цаг 59 мин

Нэрт эрдэмтэн, эдийн засгийн ухааны доктор, профессор Жамбын Батмөнх гуайн тухай үүх түүх, ном бичиг, судалгаа шинжилгээний бүтээл, кино, зохиол олон бий.  Тэдгээрт энэ эрхэм хүний ахуй амьдрал тун бага, нэн бүдэг байх аж. Харин улс орны удирдагч, улс төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд, Төрийн тэргүүн байсан, хэрхэн улс орноо удирдан жолоодсон, хөгжил цэцэглэлтийг өлгийдөн нутагшуулж, өөрчлөн байгуулалтад ухаан, оюун бодлоо дундалсныг, ардчиллын гэрэлт хаалгыг залуу үедээ ямархан ухаанаар нээж өгсөн тухай баримт элбэг байдаг.

Ах Жамбаараа овоглосон хийгээд ИХ ЭРДМИЙН АЯНД мордсон бичигдээгүй түүх...

 Батмөнх гуай яагаад төрсөн эцэг Очирын биш төрсөн ах Жамбаараа овоглогдох болсон нь сонирхол татаж байна. Сайн танин мэдэх нутгийн хүмүүс, уг удмынхантай нь холбогдож, Монголын түүхэнд мөнхөрч үлдсэн овгийн нэрийнх нь талаар асууж лавлаж, үнэн учрыг мэдлээ. Батмөнх гуайн төрсөн аавыг Очир гэдэг юм байна. Аав Очир, ээж Шомборой нар нь О.Сайжрах, О.Жамба, О.Хувьт, О.Магнай, О.Батмөнх нарыг төрүүлсэн бөгөөд Ж.Батмөнхийг бага байхад хөл хүнд ээжий нь төрөхийн хүндрэлээр нас барсан байх юм. Иймд аав Очир нь том хүү Жамбадаа бага хүү Батмөнхийгөө өргүүлэн, өсгүүлжээ. Ингэж л Очирын Батмөнх ЖАМБЫН БАТМӨНХ болсон түүхтэй ажгуу. Энэ тухай Ж.Батмөнх агсны төрсөн дүү Увс аймгийн Хяргас сумын харъяат, өдгөө Улаанбаатар хотод амьдарч буй 75 настай буурай,  Жамбын Цэрэнхүү гуайгаас нарийн лавлаж, энд тодотгон үлдээж байгаа юм. Түүх үнэнээрээ бичигдэх ёстой. Ялангуяа улс орныг удирдан залж байсан нэр хүндтэй, эрдэмтэн хүний түүх буруу зөрүү, алдаа мадагтай байх нь хойчийн залуу үед тун халтай учир энэ хөрөгт алдааг засаж, үнэнг үнэнээр нь шигтгэн үлдээж буй нь энэ юм. Очирын Жамба гуайнх Ж.Батмөнхөөсөө гадна Ж.Булган, Ж.Дулмаа, Ж.Тогтох, Ж.Цэрэнхүү нарын дөрвөн хүүхэдтэй айл ажээ. Том хүү Ж.Батмөнх нь сургууль соёлд сурч, боловсрол эзэмшихийн зэрэгцээ өөрөө бие даан амьдралд хөл тавин, ХИАС-ийн оюутан Дорнод аймгийн буриад Дариймаа хэмээх бүсгүйтэй танилцан, ижил дасал болж, улмаар ханилан суусан.Тэр хоёр дундаасаа хүүхэдгүй ч ойрын хамаатнуудаас Б.Нямаа, Б.Баттулга, Б.Батнаран гэдэг гурван хүү өргөн авч, хүний дайтай өсгөн, эрийн цээнд хүргээд, тусад нь гаргажээ. Жамба гуай угаас даруу төлөв, үр хүүхдүүдээ ажил хөдөлмөр хийж амьдрах тухай сургадаг хүн байжээ. Таван хүүхдээ эрүүл саруул, бусдын дайтай, эрдэм номтой өсгөхийн тулд ажлыг хүнд хүчир, том жижиг, сайн муу гэж гололгүй хийж, ахуйгаа авч ирсэн төдийгүй түүний ээж Н.Хорлоо нь дээл сайн хийдэг, үйлд уран нэгэн байжээ. Аав О.Жамба нь гарын дүйтэй, юмхнаар юм хийчихдэг, уран дархан байсан гэх. Батмөнх гуай ч мөн ааваасаа суралцсаны ачаар гарын дүйгээр хоосонгүй, ойр зуур мэр сэр дарх хийчихдэг байсан аж. Социалист нийгмийн үед айл өрх хэрхэн амьдардаг байсан тэр жишгийн дагуу л бор хоног, шар өдрүүдийг өнгөрүүлж, хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн байна. Увс аймгийн Хяргас сумаас Улаангомд, Улаангомоос Улаанбаатарт хүүхдүүдээ даган суурин газар шилжин ирж, сургууль боловсролын мөр хөөлгөсөөр хөдөөний улс суурин иргэншилд хэдийнэ идээшжээ. Жамба гуайнх долоон буудалд хувийн хашаа,гэрт амьдардаг байсан байна. Ингэж л Ж.Батмөнх гуайн ЭРДМИЙН ӨРГӨӨНИЙ өндөр үүд, Төрд зүтгэх ИХ ХААЛГЫГ нээх их замын эхэн тавигджээ.

Номын ширээнээс НАМ ЗАСГИЙН ТЭРГҮҮН, Улсын  Их Сургуулиас Төрийн тэргүүн болсон түүх...

Тэрээр Увс аймгийн Хяргас сумд мэндэлсэн бөгөөд Баяд ястан юм. 1939-1951 онд Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ийг тус тус төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан сэхээтэн, тухайн цаг үеийн шилдэг эрдэмтэн байв. Эгэл даруухан багшаас танхимийн эрхлэгч, салбар сургуулийн орлогч захирал хүртэл дэвшиж, эдийн засаг хэмээх том судлагдахуунаар өөрийн мэдлэгээ зузаатган дүүргэж, олон хүнд хичээл заан, амьдралын хаалгыг нь нээж өгчээ. 1951-1958 онд МУИС, УБДС, НДС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, 1962 оноос ЭЗДС-ийн захирал, 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректороор ажиллажээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж профессор цол олгожээ. 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаад тэндээсээ төрийн өндөр албанд ухаанаа зарцуулах болжээ. Энэ тухай баримт сэлт түүхийн хуудаснаа арвин юм.

Ж.Батмөнх багш тухайн үеийн нам засагт хэрэгтэй боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэж, улс орныхоо эдийн засгийг удирдан чиглүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүний нэг мөн. Тэрбээр 1948онд Монгол ардын хувьсгалт намын гишүүнээр элссэн байна. Түүний туулсан амьдралын туршлага, эзэмшсэн боловсрол, эрхэлсэн ажил, эрдэм ном нь ТӨРД ХЭРЭГТЭЙ байсан учир Ю.Цэдэнбал даргын орыг залгаж, Монголын төрийн тамгыг атгах онгой хувь тохиол тохоогджээ. Ардын хүүхдүүдийн мэдлэг боловсролд тархиа дундалж, сэтгэлээ чилээсэн эрдэмтнийг намын төв хороо хуралдан гэнэт л дуудаж өндөр хамгаалалтад авч, Их тэнгэр дэх төрийн өндөрлөгүүдийн ордонд залчихав. Дүнгийн дэвтэр засаж, хичээлийн ном шагайдаг багш гэнэтхэн нь төрд залагдаж, түмэнд зүтгэх үүрэг хүлээхээр болсон ахад үнэхээр гэнэтийн байсан байх. Бидэнтэй тийм байна, ийм байна гэж ил цагаан ярихгүй ч өмнөх энгийн байдал нь төрийн ёсоор хумигдаж, хэсэгтээ л хөндий ч юм шиг мэдрэмж төрүүлсэн. Ах ч нэлээд удаж байж төрийн албандаа дассан байх. Комиссорын зөвшөөрөлгүйгээр бид уулзах боломж хомс байлаа хэмээн  дүү Ж.Цэрэнхүү гуай хууч хөөрлөө. “ Улс орон удирдах чинь дүүдээ хатуу үг хэлэхээс ч чанга юм байна” хэмээн Ж.Цэрэнхүү дүүдээ хэлсэн гэдэг. Ингээд л ном дэвтэр, хүүхдүүдийн шуугианаас холдож, Монгол төрийн хүн болжээ. Ах минь эгэл жирийн багшаас эрх мэдэл, тушаал шийдвэр бүрийн хариуцлага хүлээх төрийн тэргүүн том дарга болсон ч нэг л зангаараа сайхан хүн байсан даа” гэж дүү нь дурслаа. Төр улсын нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх гуай жирийнээс жирийн, энгийнээс энгийн хэрнээ ухаалаг сайн удирдагч байсан юм. Тэрбээр Монголд ардчиллыг тайван замаар хийхэд хамгийн зөв ухаалаг шийдвэрийг гаргаснаараа түүхэнд төдийгүй ард зоныхоо сэтгэл зүрхэнд мөнхөрч үлдсэн гавъяатай нэгэн юм.

Хойч үеэ хоолтой ундтай, хувцас хунартай, орон сууцтай болгох ТӨРИЙН БОДЛОГЫН түүх...

Тэрбээр тусгаар тогтносон, Бүгд найрамдах Монгол ард улсын төрийг удирдах сайд нарын зөвлөлийн дарга хэдий ч “ах нарын даалгавар”-ыг хэрэгжүүлэхгүй бол “аюултай” байсан үе. Улстөр бол шатрын өрөг. Монгол хүн шатар нүүхдээ ухардаггүй, харин ч хоёроос гурван нүүдлийн дараахыг хардаг гэдгийг улстөрийн бодлогын өрөгт нүүсэн Ж.БАТМӨНХ даргын алсын хараа, холч ухаанаас олж харж болно. Нэг иргэнээ ажилтай, нижгээд иргэнээ орлоготой, гэдэс цатгалан, сэтгэл хангалуун амьдруулах нь төрийн тэргүүн хэн ч байсан хамгийн эхний бодлого байх ёстой. Бандгай дарга ч энэ бодлогыг жанжин шугамаа болгож, төрийн хэрэгтээ баримталж байсан нь гарцаагүй.

Төрд ч, түмэнд ч нэрээ нэг нэртэй байх цөлх ухааныг алдаагүй хүн бол Ж.Батмөнх дарга. Тэр төрийн тэргүүн гээд ордонд сууж, зөөлөн суудалд тухлаагүй. Улс орны хөгжилд юу хэрэгтэй, гадаад харилцааг хэрхэн өргөтгөх, дотоод амьдралыг яаж сайжруулах зэрэг ёстой л ухаанаа асгаж, мэдлэгээ шавхаж байсан гэдгийг хамт ажиллагсад нь үнэн шударгаар дурсан ярьсан нь бий. Хөдөө явж иргэд, малчидтай уулзахдаа “Хойч үеийнхэн биднээс сайн нөхцөлийг залгамжилж авах ёстой. Тийм учраас хүн амыг сайн хооллож ундлах хэрэгтэй. Хувцас хунар сайтай, орон сууц сайтай байх ёстой” хэмээн хөдөлмөрчдөд ярьсан дүрс бичлэг нь үлдсэн байна. Хүн амыг чанартай хоол хүнсээр ханган, дулаан, цэвэрхэн хувцастай байлгаж, орон сууц, тохиолог орчинд амьдруулах гэсэн Засгийн газрынхаа бодлогыг маш энгийнээр илэрхийлж, түүнийгээ ч бодит ажил болгож чаджээ. Шинэ тутам хөгжиж буй Улаанбаатар хотод орон сууцны хороолол олноор баригдаж, гутал, дээл хувцасны үйлдвэрлэл ихээхэн хөгжиж, сүү, талхаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан тэр сайхан цагийг төрийн бодлогоор дэмжиж байсан нь өнөөгийн бидний амар тайван амьдралын эх суурийг тавьж өгчээ.

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар Монголчуудын түшиц нь гэдгийг Ж.Батмөнх дарга чанд баримталж “мал сүргээ өсгөх, хадлан тэжээлээ бэлтгэх, сүү цагаагаа боловсруулах, арьс ширээ үйлдвэрлэлийн түүхий эд болгох” шийдлийг цаг үе, улс орны нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлж, махны хэрэгцээг бууруулахгүй байх бодлогыг хатуу баримталж байв. Энэ нь Монгол хүн ямар ч цаг үед малаа маллаад, гэдэс цатгалан байх гэдгийг л энгийнээр хэлчихсэн байгаа юм. Жил бүр явуулдаг социалист уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулахаар хөдөөний нэгэн суманд очиход нь нэгэн айлын гэрийн эзэгтэй “Иш! дарга минь бид өмнө нь нам загтаа юу өгнө дөө гэж боддог байсан бол одоо нам төр маань бидэнд юу өгөх бол гэж хардаг боллоо доо” гэж хэлсэнийг нь буцах замдаа ихэд бодон “ бид иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж орхисон байна. Уг нь хүн бүр хөдөлмөр эрхлэх ёстой сон гэж надад хэлсэн” хэмээн туслахаар нь 16 жил ажилласан тус Р.Батаа гуайн яриа бий. Эндээс дүгнэхэд хөдөлмөр хүнийг бүтээдэг, улс орныг хөгжүүлдэг хэмээх алдарт ишлэл тогтсон байх нь. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж. Улс орноо удирдан жолоодохдоо хатуу ширүүн үг, түргэн уур, муйхар занг үл ашиглан, аль болох зөв, зөөлөн бодлогыг дэвшүүлсэн нь оночтой байсан ажээ.

Ардчилалд хаалга нээж өгөөд, амьдрахын тулд ТАЛХАНД ООЧЕРЛОСОН үнэн түүх...

Увс аймгийн Хяргас сумын иргэн, эдийн засгийн ухааны доктор, профессор, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх нь Их сургуулийн захирлын албаас гэнэтхэн нь улс орны нэрт удирдагч болсон. Энэ үе нь 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллажээ. Ингэхдээ өөрчлөлт шинэчлэлийг хүссэн иргэд, залуучууд, хойчийн үеийнхэндээ АРДЧИЛЛЫН ХААЛГЫГ ОНГОЙЛГОЖ өгөөд, улс төрийн товчоогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, өөрөө ч төрийн өндөр албанаас ёс төртэйгөөр буусан нэгэн. Түүний улс төрд ирсэн, улс төрөөс буусан хоёр нь гэнэтийн яг ижилхэн. Нам төрийн нэрт зүтгэлтэн, ном эрдмийн нэрт эрдэмтэн Ж.Батмөнх шинэ цаг үе, шинэ нийгэм хэрэгтэй гэдгийг өөрөө мэдэрч, ард түмнээ үүнд аажим аажмаар бэлдэж дасгаж байсан нь гарцаагүй. Тийм ч учраас тайван замын ардчиллыг өөрөө өлгийдөн авч, нэг намын тогтолцоог буулгаж, улс орны эдийн засаг, хөгжил цэцэглэлтийг төрийн хүний ноён нуруутай зангаар хүлээлгэн өгч, саарал костюм, шар цүнхээ бариад машиндаа сууж гэртээ харьжээ.

Түүний “хэрхэвч зэвсэг ашиглаж болохгүй шүү” гэсэн алдарт үг бол АРДЧИЛЛЫН АНХНЫ БҮҮВЭЙ байсан юм. Маш ухаалаг, алсыг харсан, холыг бодсон, үр хүүхдүүдийнхээ сайхан амьдралыг гэрэлтүүлсэн УЛСТӨРЧИЙН МЭРГЭН ШИЙДВЭР бол өнөөгийн бидний бичих, дуулах, уйлах, дурсах, бас үзэн ядах ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ гэдгийг мэдэрч байгаа. Хүний хувь тавилан гэдэг сонин. Тэр тусмаа төрийн өндөрлөгт байсан хүний хувь тавилан алга урвуулахын төдийд л өөрчлөгдөж, картын барааны хүнд үед үр хүүхдээ өлсгөхгүйн тулд талханд оочерлож байсан гэдэг. Нэг л өглөө төрийн тамга барихаар залагдсан эрдэмтэн нэг л өглөө гэрийнхээ бүх эд хогшлыг лацдуулан хадуулж, аавынхаа пальтоог углаж, малгайг нь өмсөөд гарч, тамхилна чинээ даанч санаагүй биз ээ. Амьдрал адармаатай алба гэдэг ийм хоржоонтой. Гэвч Ж.Батмөнх дарга энэ бүхнийг даваад л гарсан. Тагнуулынхан ирж гэрт нь нэгжлэг хийж, хамаг номыг нь сандаачаад юу ч олоогүй. Зүй нь тэд нам  засгийн тэргүүний гэрээс авдар авдар алт олно гэж сэтгэсэн нь тэр. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын нээлтэд оролцсон, бодлогыг нь удирддаг байсантай холбоотой. Харамсалтай нь атгасан гарын дайтай чулуу л олсон гэдэг. Тэр бол дээж нь байж. Ингэж орон гэрээ ухаж сэндийчүүлсэн ч тэр нэг ч удаа гомдолж байгаагүй гэдэг. Ийм л сайхан амгалан тайван, хүлээцтэй хүн байжээ ....

Өндөр хангамж, бэлэн хоолноос хөндийрсөн ч ар гэрээ тэжээх эр хүний үүргээ гүйцэтгэж талханд оочерлож, Дарь-Эхэд хашаа авч гэрт амьдарсан. Хойно сургууль төгсөж, боловсрол эзэмшсэн хүүхдүүд, дүү нарыг  нь Ж.Батмөнх даргын үр удам, хамаатан сатан гэдэг шалтгаанаар ажилд авахгүй хойргошоож, хохироож байсан тохиолдол ч байсан гэдэг. Гэвч энэ бүхнийг тэд даваад л гарсан. Ажилд орох анкет, дээшээ дэвших боломж бүрийг түүний нэртэй холбож, саад тавьж байсан учраас намтраасаа Ж.Батмөнх гэдэг нэрийг хасаж байсан тухай Ж.Цэрэнхүү гуай бидэнд хуучилсан юм.

Ахыг төрийн тэргүүн байхад хамтрагч, тойрон хүрээлэгчид нь тун их ая тал засдаг байсан. Хожим албанаасаа буухад нь орон гэрийг нь нэгжиж шалгах ажиллагаа явуулсан нь тун эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхэнд “ах минь инээгээд л уужуу ухаанаар хандаж, тамхиа баагиулаад өнгөрүүлсэн” хэмээн дүү нь өгүүлэх ажээ. Мөн А.Дариймаа эгч, бид хэд ахын тамхи татах зуршлыг болиулах гэж үзсэн ч дийлээгүй төдийгүй тэр байтугай “ ёс ихтэй” төрийн алба нь ч дийлээгүй юм. Төрийн хүн байхдаа ч, жирийн ард болсон хойноо ч “ТАМХИА ХАЯАГАГҮЙ”- дээ хэмээн дүү нь өгүүллээ. Аав ээж бид долоон буудалд амьдардаг. Ах хааяа ирнэ. Гэхдээ төрийн тэргүүн хүн чинь харуул хамгаалалт чангатай, ээж аавдаа ярих хугацаа нь давчуу, мэнд мэдээд, аяга цай амсаад л гардаг. Сүүлд албаа өгчхөөд ээжийдээ их ирнэ. Гурилтай шөл хийлгэж иднэ. Алба өгснийх нь дараа л бид ахтайгаа яг л өмнөх шигээ халуун дотно харьцаж, хүлээж авсан гэж энгийн яриа өрнүүлэн, дүү нь ахыгаа ийнхүү дурсав аа. Ай хөөрхий! Хүмүүний орчлонд үнэн бүхнийг түгээсүгэй!

  Ер нь л хүмүүний амьдралд бодот хүний туулсан амьдралын үнэн түүх бүдгэрч буйг ухаарч үнэн мөнөөр нь бидний хойчийн залгамж халаа хүүхэд, залуустаа зориулан “ Эх түүхийнхээ сурах бичиг”-тээ ҮЛДЭЭХСЭН...

 

Зоригтын БАТХУЯГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.