Алс Евразийн зах зээлд “МОНГОЛ БАРАА” зарагдах гүүр нээсэн АЛТАН МОСКВАГИЙН албан ТОМИЛОЛТ
З.Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 40 мин

Бударсан цастай БУУРАЛ МОСКВАД бууж үлдээд ирсэн Н.УЧРАЛ даргын албан томилолтын үр дүн, аяны богцыг задлахуй... Монголд өвлийн хүйт цаашилж, зургаан ес саатсан үест Улсын их хурлын дарга Ням-Осорын Учрал тэргүүтэй албаныхан эртний танил, дотно анд, мөнхийн хөрш, дэлхийн гол тоглогч болсон Оросын Холбооны улсад төрийн айлчлал хийхээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас үндэсний агаарын тээврийн “МИАТ” компанийн “ЧИНГИС ХААН” нэрт боинг 709 агаарын хөлгөөр 2026 оны 02 дугаар сарын 09-ний өглөө морин цагт хөөрлөө.

Улаанбаатараас –Москва хүртэл 5797 км хол зайг онгоцоор 6 цаг 55 минутад туулна. 36000 метрийн өндөрт, үүлний дээгүүр ниссээр өдөр 13 цаг 20 минут орчимд газардав. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиний урилгаар Монгол Улсын Их хурлын дарга Н.Учрал ийнхүү гадаад айлчлалаа эхлүүлсэн юм. Алтан Москва биднийг очиход сэрүүвтэрхэн, цастай угтав. ОХУ-д энэ жил цаг агаар тийм ч таатай бус, ойрын 200 шахам жил тохиогоогүй тийм их цастай байгаа нь тэр аж. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал учраас бүх зүйл шахуу хувиартай. Уулзалт, хэлэлцээ, цэцэг өргөх ёслол, шагнал гардуулах ажиллагаа, бизнес форум, өглөө, өдөр, оройн хүндэтгэлийн зоог, зураг авхуулах хугацаа, үг хэлэх цаг гээд бүх зүйл хойд айлын гаргасан сценарийн дагуу...  

ЯДАРСАН ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДАНА буюу андынхаа мөрийг алгадах мэт...

Дэлхий нийтийг хамарсан Ковид дөнгөж намжихтай зэрэгцээд ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулж, Украин улс руу довтолгоо эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй үргэлжилж байгаа энэ түгшүүрт, ээдрээт нөхцөл байдал нь Оросуудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, улстөр, бизнесийн таатай бус байдлыг бий болгож геополитикийн нэн төвөгтэй хэсэгт шилжүүлэв. Хатуухан хэлэхэд холбоотнуудаас нь бусад улс зайгаа барьж, бизнес, хөрөнгө оруулалтаа татаж “ганцаардуулсан” энэ эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдлага, нэн эртний дотно сэтгэлт Монгол хүний ёсоор хуучин андынхаа мөрийг цохиж амжилт хүсээд, морио бэлэглэсэн дурсамжаа ярилцаад, энхийн замаар гараа атган хамт урагшлах бодлогоо танилцуулаад, мөнхийн хөршдөө “боломжоороо тусална” гэсэн санаагаа илэрхийлээд амжив.

“Ядарсан цагт нөхрийн чанар танигдана” гэж бид ярьдаг. Монгол төрийн дипломат ёс, өндөр зэрэглэлийн төрийн айлчлал, гадаад бодлого, эртний найрамдалт харилцаа зэргийг орчин олон тулгуурт гадаад бодлоготой уялдуулан УРАН НҮҮДЭЛ хийж, хэнийг ч муулж, хэнийг ч буруутгалгүйгээр улстөрийн өрөгт “хүүгээ бэрс” гаргаж амжив. ОХУ, БНХАУ хоёр бол Монгол улсын түших хоёр гол хөрш. Монгол гэрээр төсөөлөх аваас гэрийн хоёр багана. Одоогийн улстөрийн бодлого, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, худалдаа, хамтын ажиллагаа хийгээд урьд өмнөх түүх, дурсамжаараа ч, геополитикийн хувьд ч тэр яах аргагүй ХОС БАГАНА нь мөн. Үүнтэй хэн ч маргахгүй. Манай улсын олон тулгуур, эвийг сахисан гадаад харилцааны бодлогын оройд нь хойд, урд хоёр хөршийн далбаа зэрэгцэн оршиж байдаг нь ийм учиртай. Монгол улс үйлдвэрлэгч орон биш учраас амьдралд хэрэгтэй бүх зүйлсээ энэ хоёр улсаас бараг 100 хувь нийлүүлж байна. Идэж уух, өмсөж зүүхээ урд хөршөөс, гэрэл цахилгаан, эрчим хүчээ хойд хөршөөс авч байгаа учир үе үеийн Монгол төрийн удирдлагууд хоёр хөршдөө найрсаг, өөриймсөг, гүн хүндэтгэлтэй хандахгүй бол болохгүй.

Хуучин харилцааг МАРТААГҮЙ шинэ цагийн ултөрч буюу ШАХАЛТАД ОРООГҮЙ НҮҮДЭЛ...

Дөрвөн жилийн хугацаатай Монголын улстөрд одоо 1980-д оны залуучууд цахиур хагалж буй. Оросуудыг 1980-д онд бий болгосон, бүтээн босгосон, үндэс суурийг нь тавьсан, хөгжлийн төлөвлөгөө, хэтийн зорилгыг нь тодорхойлсон Улаанбаатар хот өнөөдөр Дэлхийн хэмжээний том хот болсон. Энэ хотын иргэд өдгөө улсаа удирдаж, төрөө түвшитгэж яваагийн нэг гол төлөөлөл нь УИХ-ын дарга Н.УЧРАЛ. Олон жил улстөрд яваа Оросын хуучин удирдлагууд мэдээж энэ хүний ОХУ-ын талаарх бодол, төрийн бодлого, өмнөх түүх, хуучин дурсамжийг мэдэхийг хүснэ. Барууны соёл хүмүүжил хэрхэн нийцэж байгааг сонирхох нь дамжиггүй. Үүнийг ч Н.УЧРАЛ дарга сайн тооцоолж, УИХ-ын дарга болсныхоо дараа анхны айлчлалыг “АХ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ” хойд хөршөөсөө эхлүүлсэн нь бас нарийн учиртай агаад өөртөө ч, төрдөө ч оноо авч чадлаа. Бид уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, орчин үеийн төрийн үйл хэрэгт бие биедээ хүндэтгэлтэй хандаж, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдэгт албаныхан тохиролцсон нь үнэхээр сайшаалтай.

Монголын залуу үеийн улстөрчид ОХУ-ын ач тусыг мартаагүй, мартах ч үгүй. Шинэчлэл, ардчилалтай хослуулан улстөрийн харилцаагаа хөгжүүлнэ гэдгийг ДИПЛОМАТ АРГААР ИЛЭРХИЙЛЖ чадсан нь Н.Учрал дарга хэр сайн стратегич вэ гэдгээ нотолсон айлчлал байв. Өөрөөр хэлбэл ОХУ-ын архгуудад шалгалт өгөөд тэнцчихлээ. Цаашдаа Монгол төрийн бодлогыг баруунд боловсрол эзэмшсэн залуучууд нь тодорхойлох юм байна. Тийм учраас бид ч бас улстөрийн өндөр мэдрэмжтэй, сэхээтэнлэг, боловсролтой залуучуудын бодлогод нийцүүлсэн орчин үеийн шинэ дэвшилтэт дипломат арга барилыг ашиглая гэсэн ойлголтыг ОХУ-ын удирдлагуудад өгч чадлаа. Үүнийг “уран нүүдэл”, нэг хожил гэж ойлгож болно.

Н.Учрал тэргүүтэй Монголын талыг зочдыг ОХУ-ын дээд, доод танхимын дарга нар хүлээн авч уулзсан нь тэдэнд яг одоо ойрын хань хэрэгтэй байгааг улстөрийн хэллэгээр аятайхан илэрхийлчхэв. Манай талын зочид ч бас тусгаар улсын төрийн түшмэд гэдгээ илэрхийлж, МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГОО нэгэн агуулгад нэгтгэж, хий гаргаж, хар дагуулсангүй. Дотооддоо олон намын төлөөлөл бүхий АРДЧИЛСАН УЛС гадагшаа гараад “НЭГ МОНГОЛ” гэсэн ерөнхий араамаандаа багтчихсан нь сайшаалтай. Хэн дуртай нь өөр зүйл яриад, хадуураад явчихсангүй. Монгол-Оросын парламентын бүлгийн ээлжит хуралдааныг зуны дэлгэр цагт Сэлэнгэ орчимд зохион байгуулахаар тогтов. Айлын хүмүүсийг нутагтаа урьж байна гэдэг чинь Монголчууд дахиад нэг нүүдлийн ХОЖИЛ АВЧИХСАН л гэсэн үг.

Монгол малын МАХ, НООС НООЛУУРЫГ 200 сая хүнтэй Европын зах зээлд нээсэн “АЛТАН БОЛОМЖ”-ийн үүдийг нээв

Монгол гэсэн нэр Ертөнцийн чихэнд сонсголонтой гэж нэрт найрагчийн бичсэнийг энэ удаагийн тэмдэглэлд дурдах нь зүйтэй мэт. Учир нь 200 сая хүн амтай, ийм хэмжээний зах зээл рүү Монгол малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир тэргүүт бүтээгдэхүүнүүд гаалийн татваргүйгээр шууд худалдаалагдах боломж бүрдээд байна. Өнөөх алдарт хэл ам дагуулаад байсан Евразийн эдийн засгийн худалдааны түр хэлэлцээр яг ажил хэрэг сүүлийн хэлцлүүд Москвад шийдэгдэв. Ингэснээр жалганд хаягддаг АРЬС ШИР хил даваад үнэд хүрэх, түүнээс улбаалаад малчид малын түүхий эдээ үнэд оруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, чанартай, эрүүл ахуйд нийцсэн мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн Европийн зах зээлийг эзэлж, нүүрснээс хараат Монголын эдийн засаг солонгорох АЛТАН БОЛОМЖ нээгдэж буй нь энэ.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Үүнийг ч албаныхан уулзалтаараа баталгаажуулаад амжсан. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 95 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байх юм. Хэдхэн хоногийн өмнө хөшгөө нээсэн өвлийн олимпийн наадмаар Монголын баг тамирчдын өмссөн хувцас ДЭЛХИЙН ШИНЭ ТРЭНД болоод амжсан шиг ийм том амжилтыг хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрүүд итгэл төгс хүлээх болно. Энэ бол улс орны нэр хүнд төдийгүй Монгол хүний ур ухаан, монгол малын ашиг шим хосолсон ШИЛДЭГ БҮТЭЭЛ БОЛСОН юм. Оросууд, Европчууд ч цаашдаа Монголын ноос ноолуураар гоёсон олимпийн наадмаа зохион байгуулдаг болохыг үгүйсгэхгүй. Энэ бол АЛТАН МОСКВАД айлчилсан Монголчуудын хувьд АЛТАН БОЛОМЖ гэж дүгнэх хэрэгтэй.

Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг Монгол Улсын Их хурлаар соёрхон батлах тухай ярилцаж байхад дотоодын аж ахуй нэгжүүд ихээхэн ундууцан дургүйцэж байсан учраас УИХ-ын дарга эл албан айлчлалдаа БИЗНЕСИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ түлхүү оролцуулсан нь бодлого байв. Айлчлалд Монголын 50 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлсэн нь гол ач холбогдол нь оршино.

Г.Дамдинням сайд БАНК ДҮҮРЭН БЕНЗИНТЭЙ, Б.Дэлгэрсайхан сайд ОНГОЦНЫ ШИНЭ НИСЛЭГТЭЙ ирэв...

Н.Учрал даргын албан айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн тэргүүтэй Засгийн газрын гишүүд, мөн УИХ-ын дэд дарга бөгөөд Орос-Монголын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй парламентын гишүүд аяны дөрөө нийлж, албан томилолт өвөртөлсөн юм.  Өнгөрсөн 12 дугаар сард Монголд бензин шатахуун тасраад балрах дөхсөн. Тэгвэл ийм асуудал цаашид үүсгэхгүйн тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтай албан уулзалт хийлээ.  Уулзалтаар, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг эцсийн байдлаар зөвшилцөж, санал солилцлоо. Монгол Улсын хэрэгцээний шатахууны нөөцийг ОХУ-ын хил орчмын бүс орчимд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож хоёр талаас хамтран ажиллахаар тохиролцов.

Харин Зам тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ хувьд Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулав. Онгоц замдаа ОХУ-ын Красноярск хотод арилжааны буулт хийх тул Монголын "Аэро Монголиа" компанид зөвшөөрөл олгохыг Оросын талаас хүслээ. ОХУ-Украины дайны улмаас 2022 оноос хойш хоёр улсын нийслэлийг холбосон, шууд нислэг зогссон. Хэрэв замдаа аль нэг хотод түр зогсохгүй бол УБ-Москва чиглэлд долоон цаг, Москва-УБ чиглэлд таван цаг орчим нисэх боломжтой юм.  Тийм учраас ШИНЭ НИСЛЭГИЙН БҮС НЭЭХ тухай тохиролцчихов.Түүнчлэн   УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурьдлаа.

“АЛТАН ГАДАС” одон гардуулж өгөөд анхны “Правда” сонины эх хувийг бэлгэнд авав

Төрийн айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг гардууллаа. Түүнчлэн “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгалд авлаа.

“ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” төслийг хөдөлгөх зорилгоор Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Оросын Шинжлэх ухааны академи бол хэзээнээсээ алдартай байгууллага. Монгол хүн анх сансарт нисэх түүхэн боломжийг нээсэн үүдтэй газар. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээр байгаа гэдгийг тус академид зочилсон УИХ-ын дарга Н.УЧРАЛ онцолсон юм.

Түүнчлэн Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр албан айлчлалын хүрээнд тус академид зочилж хүндэтгэл үзүүлж байгаа ч үнэн хэрэгтээ улс эх орныхоо эрх ашгийн төлөө “Эгийн голын цахилгаан станц” төслийг гацаанаас гаргахад бодлогоо чиглүүлж энэ уулзалтыг хийсэн нь ҮНЭХЭЭР ЧУХАЛ юм. Гэвч Оросууд энэ төсөлд үнэнхүү хойрго хандаж, цаг авч, аар саархан тайлбар тавьдаг нь харамсалтай. Угтаа бол өөрийн улсаасаа авдаг ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТОО таслахыг хүсэхгүй байгаа нь илт. Том гүрний ТОМ БОДЛОГО бол энэ.

105 жилийн түүхтэй МАН-ын даргын хувьд “НЭГДСЭН ОРОС” намын даргатай уулзав.

Өнөөгийн Монгол Ардын Намын түүхийн эхний хуудас яах аргагүй Оросын тухайн үеийн хувьсгалт намтай салшгүй холбоотой. Оросын намууд задарч, бутарч, нэгдэж, эвсэж явсаар 2001 онд “Нэгдсэн Орос” гэх хамгийн хүчтэй, улстөрийн залуу намыг байгуулсан. Яаж ч холдуулах гэж оролдсон салшгүй түүх бол энэ учраас ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.Медведевтэй намын даргын хувьд уулзах нь зүйн хэрэг. Учир нь Монголд МАН, ОХУ-д “Нэгдсэн Орос” намын төлөөлөл, гишүүд төрийн эрхийг барьж байна. Аливаа улстөрийн намын гол зорилго нь Засгийн эрхийг барих явдал. Ийм адил талтай, угсаа гарвал нэгтэй хоёр намын дарга нар уулзаж хамтын ажиллагаа, улстөр хоорондын харилцаа, гишүүд солилцоо, нийгэм болон боловсрол, хүмүүнлэгийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа тухтай ярилцсан нь гарцаагүй. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ жил тохионо. Ойг хэрхэн тэмдэглэх талаар ч мөн хэдэн үг солиод амжсан. Намын даргын хувьд энэ бол боломжтой бөгөөд заавал уулзах ёстой уулзалт.

Н.Учрал дарга үндсэндээ “нэг сумаар хоёр туулай буудчихаад ирэв”. Монгол Улсын Их хурлын даргын хувьд Төрийн дээд хэмжээний айлчлал хийж улс орныхоо эрх ашгийг, Монгол төрийн бодлогоо танилцуулсан бол Монгол Ардын Намын даргын хувьд улстөрийн институтийг бэхжүүлэх зорилгоор хувийнхаа уулзалтыг ч амжуулчихлаа.

Юун ДАЙН гэж уулга алдмаар АМАР ТАЙВАН АРБАТЫН ГУДАМЖ, алтан Москва минь баяртай...

Ямартай ч УРЬСАН ХӨРШҮҮДИЙН уулзалт бүтэж, УРИГДСАН МОНГОЛЧУУДЫН ажил бүтсэн, Монгол малчны бизнес Европын зах зээлд гарах АЛТАН ХААЛГА НЭЭГДЭВ. Түүнчлэн Н.Учрал дарга залуу улстөрчийн хувьд өөрийгөө ЗӨВӨӨР ТОДОРХОЙЛЖ, ямартай ч элдэв шахалтад орсонгүй. Оросуудын ШАЛГАЛТАД ОНЦ ДҮН авчихлаа. М.Бадамсүрэн сайдын БОГЦ ДҮҮРЧ, Г.Дамдинням сайд МАШИН ДҮҮРЭН БЕНЗИНТЭЙ, Б.Дэлгэрсайхан сайд НИСЛЭГИЙН ШИНЭ ЦЭГТЭЙ, дагалдсан бидэн ҮҮРГЭВЧНИЙ ПАЯНТАЙ, цүнхний асуудалтайгаар эсэн мэнд, эрүүл саруул, ГАНЗАГА ДҮҮРЭН ирлээ.

Биднийг очиход зөөлөн салхитай, хүйтэн жиндүү угтсан МОСКВА үдэхдээ цөөлөн цас будруулсаар алсарч хоцров. Улаан талбай дүүрэн хүн бужигнам юун ДАЙН гэж асуумаар санагдаж билээ. Шинэ жилийн уур амьсгал ер холдоогүй, Арбатын гудамжаар дүүрэн ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ, өндөр өндөр гацуурууд... 5 сая машин түгжрэлгүй холхилдсон МОСКВАГИЙН ГОЛЫН өргөн гүүрээр дахин алхахын ерөөл өргөөд ХААН ХҮЛЭГТЭЭ суугаад ЭХ ОРОНДОО ирлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.