Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар олон нийтийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ
Үйл явдал
/
1 цаг 55 мин

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.27/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг чиглүүлж, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 176  хүн оролцсон юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал илгээлт хүргүүлсэн байлаа. Уг илтгээлтийг Улсын Их Хурлын даргын Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Н.Чимгүүндарь уншиж, танилцуулав.

Уг илтгэлд, Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш болж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн түвшний сорилт болоод байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг бөгөөд цөлжилт, усны хомсдол, зуд зэрэг эрсдэлүүд улам бүр нэмэгдэж байна. Ийм нөхцөлд бид зөвхөн хариу үйлдэл үзүүлэх бус, харин урьдчилан төлөвлөсөн, шинжлэх ухаанд суурилсан, цогц бодлогоор хариулах шаардлага тулгарч байна. Энэ утгаараа энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих эрх зүйн суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм хэмээн илгээлтэд дурдсан байлаа. 

Мөн Монгол Улс жил бүр эрчим хүч, шатахууны импортод 2.4 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь эдийн засгийн экосистемд том дарамт болж байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6.0–8.0 хувиар өсөж байгаа энэ үед бид уламжлалт арга барилаас татгалзаж, илүү ухаалаг, ногоон шийдэл рүү шилжих цаг болжээ. Иймээс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” тогтоолыг баталж, Засгийн газарт чиглэл өгсөн хэмээн дурджээ.

Бид ногоон шилжилтийг зөвхөн цаасан дээр биш, бодит ажил болгон хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Өрхийн түвшинд нарны хавтан суурилуулахад шаардагдах 9-15 шат дамжлагыг 3 болгон цөөлж, хүлээлгийн хугацааг 6-12 сар байсныг ажлын 11 өдөр болгон эрс бууруулсан. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх төвийн шугамд эрчим хүч нийлүүлэх гэрээгээ үзэглэж, "яндангүй" бүс үүсгэх эхлэлийг тавилаа. “100 МВт нартай аймаг, сум” санаачилгын хүрээнд зургаан аймгийн төвд нарны станц, батарей хуримтлуурын систем байршуулах хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ нь эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 120 мегаваттаар нэмэгдүүлж, тасалдалгүй хангамжийг бүрдүүлэх юм гэсэн байлаа.

Түүнчлэн уг илтгээлтэд энэхүү хуулийн төсөл нь эдгээр санаачилгуудыг системтэйгээр зангидаж, карбон зах зээл хөгжих, ногоон санхүүжилт тэлэх, бага нүүрстөрөгчтэй хөгжлийн замд шилжих эрх зүйн бат бөх суурь болно. Цаашид бид 10,000 айлын янданг буулгаж, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг 100 цэгт байршуулах зэргээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хангана  гэсэн байлаа.

Энэхүү хуулийн төсөл нь дээрх санаачилга, бодлогыг нэгтгэн зангидаж, цаашид илүү системтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Цаашид хуулийн төсөл батлагдсанаар карбон зах зээл хөгжиж, ногоон санхүүжилт тэлж, уур амьсгалд ээлтэй хөрөнгө оруулалт нэмэгдэн, Монгол Улс бага нүүрстөрөгчтэй хөгжлийн замд шилжих бодит нөхцөл бүрдэх юм хэмээн илгээлтэд дурджээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хуулийн төсөл салбарын зохицуулалт биш Монгол Улсын эдийн засаг, хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох суурь баримт бичиг гэдгийг тэмдэглээд уг хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэхээс гадна карбон зах зээл, ногоон санхүүжилт, ил, тод тайлагналын нэг цэгт тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна гэв.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшил иргэд ард түмэнд маш том шинэ боломжууд нээгдэж буйг дуулгахдаа таатай байна гэв. Тодруулбал, хуулийн төсөл батлагдсанаар аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнгээ карбон кредит болгон баталгаажуулж сайн дурын болон олон улсын зохицуулалттай зах зээлд арилжих эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр хувийн хэвшил зөвхөн зохицуулалтын субъект биш харин уур амьсгалын шийдлийн идэвхтэй оролцогч цаашлаад шинэ орлогын эх үүсвэр бүрдүүлэгч болно гэж байлаа.

Энэхүү хуулийн төсөл нь зөвхөн эрсдэл бууруулах зорилготой биш харин Монгол Улсыг олон улсын карбон зах зээлд оролцогч улс болгох, уур амьсгалын өөрчлөлтийг эдийн засгийн боломж болгон хуваарилах стратегийн ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Тэрбээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Монголын хамгийн анхны хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж буйд болон үүний нэг хэсэг болж байгаадаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн хэмжээнд газрын доройтол цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван асуудал харилцан уялдаа холбоотой  бөгөөд аль нэг асуудлыг шийдэхгүйгээр оршин тогтнож чадахгүй. Мөн эдгээр нь байгаль орчны асуудал биш эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайхан болон тогтвортой хөгжлийг хангахад чухал. Иймд энэ нь зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээний асуудал гэлээ.

Мөн дэлхий нийтэд тулгамдаж байгаа эдгээр асуудлуудад Монгол Улс тодорхой байр суурь, оролцоотойгоор ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, Цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар хурал болох гэж байна. “COP17” талуудын уулзалтаар цаашид хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг танилцуулж, хэрэгжүүлэн манлайллаа харуулах болно гэдэгт илтгэлтэй байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэв.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд 30.3 хувиар бууруулахаар зорилтоо шинэчилсэнийг дурдаад энэ нь томоохон амлалт гэж байлаа.

Түүнчлэн уг хуулийн төслийг баталснаар Монгол Улс  ирээдүйд чиглэсэн үр дүнтэй засаглалыг бий болгоход томоохон алхам  болно гэв.

Хэлэлцүүлэг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгаар үргэлжилсэн. Төсөл боловсруулах үндэслэл шаардлага, зорилго, гол зохицуулалтууд, үр нөлөө, бусад хууль тогтоомжтой уялдсан байдал,  хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй  Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг  танилцуулав.

Монгол Улс 1992 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орж, энэхүү конвенцыг хэрэгжүүлэх Парисын хэлэлцээрийг 2016 онд Улсын Их Хурлаар соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвараа сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага болсон байна.

Энэхүү хуулийн зорилго нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэснийг Б.Булганчимэг зөвлөх  танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөл нь есөн бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төслийн гол зохицуулалтыг доорх зурагнаас харна уу.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан 19 хүн 42 асуулт асууж, санал хэлж, цахимаар 96 хүн оролцож, нийт 138 санал ирүүлсэн байлаа. Оролцогчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд зарим нэр томьёог тодорхой болгох, уламжилалт бэлчээрийн мал аж ахуйн дасан зохицох талаар болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад үүрэг хүлээлгэх тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж байлаа.

Мөн хуулийн төслөөр үндэснийхээ эсвэл олон улсын асуудлыг зохицуулах гээд байна уу гэдгийг эргэн нэг тунгаахыг хүсээд цаашлаад төслийн үндсэн зарчим нь байгаль орчноо хамгаалах  юм уу эсвэл үүнтэй холбоотой урамшуулалд илүү чиглүүлж байна уу гэдэг ялгаа, заагийг тодорхой болгох, мэдээллийн сан үүсгэхдээ эмзэг бүлэг, жендерийн асуудалд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн карбон кредитийн өмчлөлийг  энэ хуулийн төслөөр зохицуулах нь зөв эсэх талаар илүүтэй хөндөж, санал хэлж байлаа.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь төслийн зохицуулагч Х.Булгантамир “Нүүрстөрөгчийн зах зээл: боломж, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах амлалт, нүүрстөрөгчийг бууруулах арга замууд, карбон зах зээлийн тойм, түүний шалгуур үзүүлэлт, харгалзах тохируулга зэргийг танилцуулахаас гадна Парисийн хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн шалгуур, олон улсын сайн дурын зах зээлд бүртгэлтэй карбон төслүүд, карбон зах зээлийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, карбон зах зээлийн хэрэгжилтийн төсөөллийн талаар илтгэлдээ хөндөж ярилаа.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, эсвэл урьдчилан сэргийлэх төслүүдийг олон улсын стандарын дагуу хэмжиж баталгаажуулснаар нэгж буюу кредит бий болно. Төсөл хэрэгжүүлэгч энэхүү кредитээ өөр өндөр хөдөө аж ахуйн яамтай,  аж ахуй нэгжүүд арилжаалан худалдаалах тогтолцоог карбон зах зээл гэнэ гэдгийг илтгэлд дурдсан байв.

Карбон зах зээлийн талаарх  ойлголт, мэдээллийг доорх зурагнаас харна уу.  

 

Уг илтгэлд  карбон зах зээлийн хөгжүүлэхэд олон улсын карбон зах зээлд оролцох ITMO стратегигүй, ITMO-г бүртгэх, хянах болон давхар тооцооллоос сэргийлэх институцийн тогтолцоо, бүртгэлийн системгүй, хүний нөөцийн чадавх сул, төсөл хэрэгжүүлэгчийн мэдлэг, мэдээлэл дутмаг, дотоодын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагын чадавх байхгүйгээс шалтгаалан кредитжүүлэх зардал өндөр, газар ашиглалттай холбоотой хэмжилт, тайлагналын суурь дата мэдээлэл дутмагаас бодит бус шилжүүлэг хийх эрсдэл өндөр зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дурдсан байв. 

Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг үг хэлсэн. Тэрбээр “Хуулийн төслийн талаар хэлсэн оролцогч бүрийн саналыг тэмдэглэглэн авч, ажлын хэсэг төсөлд нэмж тусган ажиллана. Мөн энэ хуулийн төсөл нь өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн хамтын бүтээл. Иймд энэ бүхний эцсийн үр дүн амьдралд хэрэгжих сайн хууль болох хүртэл Та бүхэн хамт байж, хамтдаа урагшлуулъя” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.