Хурдан шандаст хүлгүүд нь эзэн, зүсээрээ цоллуулж, уухайн түрлэгт хүчит мэргэд нь тодрон, сүр бяраа гайхуулсан энэ жилийн Үндэсний их баяр наадам шинэ улсын даян аваргатай болж өндөрлөлөө. Наадмын баяр хөөр, бахархал ард түмний сэтгэлийг хөглөсөн ч энэ уур амьсгал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Шинэхэн даян аварга Б.Орхонбаяр болон түүний гэргий Ш.Мөнхцэцэгийг тойрсон нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээлэл, цахим орчин дахь хэлэлцүүлэг наадмын дараах хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болов.
Үүнтэй зэрэгцэн “Urban Talk” нэвтрүүлгээр өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн золиос болгох насанд хүрэгчдийн кино, контентод тоглуулах гэсэн агуулгатай мэдээлэл цахим орчныг бүхэлд нь хамарлаа. Олны танил инфлюсерүүд энэ талаар хээв нэг ярин инээлдэн, үл ойшоосон мэт харагдсан нь иргэдийн дургүйцлийг хүргэв. Учир нь нөлөө бүхий хүмүүсийн үг, үйлдэл нь жирийн нэг үзэл бодол бус, нийгмийн хандлагад шууд нөлөөлөх хүчтэй болсон өнөө үед ийм төрлийн асуудалд илүү хариуцлагатай хандах нь зүйтэй. Энэхүү хэлэлцүүлэг нь зөвхөн нэг нэвтрүүлэг, нэг мэдээллийн хүрээнд үлдэх бус, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо, төрийн байгууллага болон хууль хяналтын байгууллагуудын хариуцлагыг дахин сөхөн харах шаардлагатайг харуулж буй.
Мөн аялал зугаалгын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Хэдхэн хормын хариуцлагагүй шийдвэр ямар их гарз дагуулдгийг харуулсан нэгэн жишээ нь иргэн Н.Энх-Амгалангийн гэр бүлийн гурван гишүүн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн буруутай үйлдлийн улмаас амиа алдсан гэх харамсалтай хэрэг байв.
Монгол Улсад зам тээврийн осол хүний амь насанд хамгийн их эрсдэл учруулдаг асуудлын нэг хэвээр байна. Сүүлийн 10 хоногийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 389 зөрчил бүртгэгджээ. Ялангуяа баяр наадам, аялал зугаалгын үеэр замын хөдөлгөөн нэмэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлүүд нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Үүний цаана зөвхөн тоон үзүүлэлт бус, эргэж нөхөгдөх боломжгүй амьдрал, хагацал, ар гэрийнхний зовлон үлддэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал жил бүр сөхөгддөг ч хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн дараа л хүчтэй яригдаж, удалгүй дараагийн мэдээллийн давалгаанд дарагдсаар л...
Нийтлэгч: Б.Ойнбаяр
-
16 цаг 41 мин
-
18 цаг 49 мин
-
23 цаг 15 мин
-
23 цаг 16 мин
-
23 цаг 16 мин
-
16 цаг 41 мин
-
23 цаг 15 мин
-
23 цаг 38 мин
-
18 цаг 49 мин