ТҮЙМЭРТ авсан 60 айлын орон сууцыг ТӨР НЬ МАРТААД 60 хонов!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-03-26

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө зам тээврийн ослоос улбаатай ГАЛ ТҮЙМРИЙН аюул дэгдэж, олон айл орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, гал сөнөөгч ГУРВАН ЗАЛУУ амь эрсдэв. Тухайн галд өртөж, маш хүнд түлэгдсэн таван иргэн Гэмтлийн эмнэлгийн ТҮЛЭНХНИЙН ТАСАГТ хүргэгдсэн ч түлэнхийн шархаа даалгүй байсаар эмчилгээний явцад дөрөв нь цуварч бурхан болов.

“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртсөн. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болсон. Төр Засгаас эмгэнэл илэрхийлж, шатсан машины төмөр рамыг ачиж, ойр орчмын талбайг цэвэрлэн, “нүд хуурах” аргаар хандаж, иргэдийг ЯАРМАГ руу цөлсөн. Өөр зүйл өнөөг хүртэл хийсэнгүй. Стандартын зам, уулзвар байгуулаагүй ТӨРИЙН БУРУУТАЙ үйл ажиллагаанаас ийм зүйл болсон нь илт. Монгол Улсын Үндсэн хуульд Төр иргэнийхээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ үүрэгтэй гэж заасан ч Улаанбаатар хотын иргэд ЗҮЙ БУСААР хорогдсоор байна.

Галын дүгнэлт өнөөг хүртэл гараагүй. Төр шалтгаан нөхцөлийг судлаж байна гэхээс өөр зүйл хийсэнгүй. Балгас мэт барилгыг засаж янзалж, өнгөлж гоёно гэсэн Онцгой комиссын шийдвэр гараад 60 хонолоо.

Стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр ГАЗ тээвэрлүүлсэн “Дашваанжил ГАЗ” ХХК-ийнханыг ХУУЛЬ ШАЛГААД ч хариуцлага тооцож чадсангүй. Тус компанийн нэр хаягтай ГАЛ ТҮЙМЭР хоёр дахь удаагаа гарч ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ урчуулж байгаа нь энэ. Д.Баатаржав захирал буруугаа хүлээж чадахгүй, бусдаар ТУГ ТАХИЖ ч мэдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тэрбээр хэвлэлийн хурал хийхдээ “Энэ бол байгалийн ГАМШИГ. Манай компани, манай компанийн ажилтан ямар ч буруугүй. Бид ажилтнаа хамгаална. Газ алдсанаас болж ГАЛ ГАРААГҮЙ” гэх зэргээр тайлбар хийж, өөрсдийгөө өмөөрөв.

Улсын онцгой комисс ч, нийслэлийн онцгой комисс ч тэр ДҮЛИЙ ДӨМБӨ. Гал унтраахаар  явахдаа хан нь удахгүй ирнэ гээд гэргийгээ үнсээд, хүүхдээ үнсээд гарсан урвын гурван эрэлхэг хөвгүүдийн араас ТӨР НЭГ ч удаа гашуудаж, эмгэнэл илэрхийлээгүй. Төр ийм л харгис бодлого явуулж байна. Гал түймрийн аюул болсноос хойш 60 хонож байхад өнөөг хүртэл галын дүгнэлт гараагүй гэхээр ямархан удаан ажиллагаатай вэ гэдэг нь харагдаж байна.

Улсын оцнгой комиссын гишүүн сайд дарга нар УИХ-ын сонгуульд оролцох гээд толгой өндийх завгүй улстөржиж, бүсчилж хөгжүүлэхээр бужигнуулж явахад ядарсан иргэд ЯАРМАГИЙН ТҮГЖРЭЭНД нам гацаж, ажил амьдрал нь бөглөрч, сэтгэл санаа нь эмзэг байгаа. Тэд төр асуудлыг маань шийднэ гэж итгэсэн ч ТӨР нь мартаж шатсан гэрийнхээ хажуугаар явах болгондоо дотроо гомдолтой өнгөрдөг байх вий. Төрийн сүлд нь өршөөг.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.226.104.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(122.201.31.35) 2024-03-28 11:27:19
Martaj bolohgui shuu