Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа
Үйл явдал
/
2024-11-04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдэвт хүндэтгэлийн лекц уншлаа.

Лекцийнхээ эхэнд тэрбээр, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд баяртай байгаагаа хэлэв.

Олон улсын мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй бэрхшээлүүд дэлхий нийтийн харилцан хамаарлыг улам бүр тодотгож байгааг дурдлаа.

Улмаар түншлэл, хүртээмжтэй байдалд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл шаардлагатайг онцлов.

Үүнийг оновчтой бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түншлэлийн хүч, өөрсдийн нийгэм дэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн иргэний ухамсар, эв нэгдлийг өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаг үеийн шаардлагад нийцсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай,
  • Дэлхий нийтээрээ тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай хэмээн онцоллоо.

Улмаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбарууд нь дээрх чиглэлүүд байх учиртайг тодотголоо.

Түүнчлэн 2015 онд Нью-Йорк хотноо 193 орны төлөөлөгчдийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд тулгарч буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх гарц болж байгааг тэмдэглэлээ.

Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жил өнгөрөхөд тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан хэдий ч 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” гэж дүгнэснийг дурдлаа.

Иймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зөв замд эргэн орохын тулд бүх нийтийн оролцоо хамгаас чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлттэй яаралтай тэмцэх нь бидний бүх амьдралын нэн тэргүүний үүрэг даалгавар байх ёстойг онцолж, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс бууруулж, шударга шилжилтийг хангахаас өөр арга зам байхгүйг хэлэв.

Энэ нь эрчим хүчний хомсдолыг шийдэж, хүний ​​аж амьдралыг сайжруулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд үүнд Ази тив, тэр дундаа Монгол, БНСУ-ын үүрэг оролцоо нэн чухал хэмээн онцоллоо.

Мөн ногоон шилжилтийг хурдлуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн чухал арга зам гэдгийг тэмдэглэж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн манлайлал дор хэрэгжүүлж буй нэг тэрбум мод тарих Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

Түүнчлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Бан Ги Мүн” санг үүсгэн байгуулж, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтарч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажилласнаар энэ тодорхой бус цаг үеийг илүү тогтвортой, эрүүл, хөгжсөн гараг болгохын сацуу шинэ түншлэлийн боломжуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.