
Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүн-тэй албан уулзалт хийж, тус хотод амьдарч буй Монгол Улсын иргэдийн боловсролын асуудлаар санал солилцов.
Пусан хотын дарга, ИТХ-ын дарга, Боловсролын газрын дарга нь тухайн бүс нутгийн иргэдийн олонхийн саналаар сонгогддог, харьцангуй бие даасан шийдвэр гаргах эрх мэдэл бүхий чухал албан тушаалтнууд бөгөөд тэдний шийдвэрүүд орон нутгийн боловсрол, нийгмийн бодлого, үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг тул Монгол Улсын иргэдийн боловсролын асуудлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй юм.
Уулзалтын үеэр дараах гол асуудлуудыг хөндөн ярилцав: Үүнд:
1. Сүүлийн жилүүдэд Пусан хотод Монгол Улсаас гэр бүлээрээ суурьшиж буй иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн боловсрол, хэлний бэрхшээл, соёлын ялгаатай байдал зэргээс үүдэлтэй асуудлууд нэмэгдэж буйг онцлон тэмдэглэв. Шинээр ирсэн хүүхдүүд тус улсын хэл, соёлд дасан зохицох хугацаа шаарддаг бөгөөд хэлний мэдлэг дутмаг байснаас хичээлийн хоцрогдол үүсэх тохиолдол цөөнгүй гарч байгааг дурдав. Пусаны хотын боловсролын байгууллагаас Монгол багшийг гарган, долоо хоногт 2 цагийн солонгос хэлний хичээл заах хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, одоогоор нэг багш хязгаарлагдмал цагаар ажиллаж байгаа нь сургалтын хүртээмж хангалтгүй байгааг тэмдэглэв. Үүнийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг хүсэв.
2. Урт хугацаанд БНСУ-д амьдарч буй иргэдийн хүүхдүүд суугаа орны хэл, соёлоор хүмүүжиж байгаа хэдий ч өөрийн эх хэл, соёлоосоо алсрах эрсдэлтэй байгааг тэмдэглэж, хичээлийн бус цагаар Монгол хэл, түүх, соёлын дугуйлан хичээл зохион байгуулах боломжийг судалж хамтран ажиллахыг хүслээ.
3. Пусан хотын их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын хувьд хичээлийн хажуугаар ажиллах боломж хязгаарлагдмал байгаа нь амьжиргаанд хүндрэл учруулж буйг онцолж, ажиллах боломжит цагийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагад уламжилж, боловсролын байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
4. Монгол оюутнуудын тоо нэмэгдэж, тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах сонирхол, эрэлт нэмэгдэж байгааг дурдан, тэдний суралцах чиглэлд нийцүүлэн тэтгэлгийн хүрээг өргөжүүлэхэд бодлогоор анхаарах зэрэг асуудлуудаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь Консулын газраас өмнө зохион байгуулсан иргэд, төрийн бус байгууллагуудын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг албан ёсны түвшинд анхаарч, шат дараатай шийдвэрлэх үйл ажиллагааны үргэлжлэл юм. Тухайлбал, 2025 оны 3-р сард “Хөгжлийн шинэ толь” төрийн бус байгууллагын тэргүүн Э. Пүрэвдорж, Пусаны Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн багш Ш. Загдхорлоо нартай уулзах үеэр БНСУ-д амьдарч буй хүүхдүүд Монгол хэл, соёлоос хөндийрч, үндэсний үнэт зүйлсээ мартах эрсдэлтэй байгааг хэлэлцэж, асуудлыг албан ёсны түвшинд уламжилж, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн юм.






-
22 цаг 40 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 03 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
2025-06-09
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
22 цаг 40 мин