Цалин буухаас өмнө зээлийн төлөлт хүлээж байдаг өрх нэмэгдэж байна. Сарын орлогоо байр, хэрэглээ, боловсрол, өдөр тутмын зардалдаа хуваарилахаас өмнө тодорхой хэсгийг нь банканд төлдөг болсон нь өрхийн санхүүгийн бодит дүр зураг болжээ. Үүнийг зээлийн статистик ч баталж байна.
“Хэрэглээний зээлтэй өрх 50.5 мянгаар, цалингийн зээлтэй өрх 28.2 мянгаар нэмэгджээ”
Сүүлийн хоёр жил буюу 2024 оны эхний улиралд нийт өрхийн 62.3 хувь буюу 618.5 мянган өрх зээлтэй байсан бол 2025 оны эхний улиралд энэ тоо 69.2 хувь буюу 695.8 мянгад хүрчээ. Нэг жилийн дотор зээлтэй өрхийн тоо 77.3 мянгаар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийг цалингийн болон хэрэглээний зээл голлон эзэлжээ. Цалингийн зээлтэй өрх 228.9 мянгаас 257.1 мянга болж 28.2 мянгаар нэмэгдсэн бол хэрэглээний зээлтэй өрх 156.4 мянгаас 206.9 мянгад хүрч, 50.5 мянгаар өссөн байна. Хэрэглээний зээлийн өсөлт цалингийн зээлээс хоёр дахин өндөр байна.
“Тэтгэврийн зээлтэй өрх 40.1 мянгаар, орон сууцны зээлтэй өрх 8.9 мянгаар өсжээ”
Тэтгэврийн зээл ч мөн нэмэгджээ. 2024 онд 127.5 мянган өрх тэтгэврийн зээлтэй байсан бол 2025 онд 167.6 мянга болж, 40.1 мянгаар өссөн байна. Харин орон сууцны зээлтэй өрх 88.4 мянгаас 97.3 мянгад хүрчээ. Энэ нь хэрэглээний зээлээс ялгаатай ч олон жилийн ирээдүйн орлогоо өнөөдөр өр болгон үүрч байгаа хэрэг.
2026 онд Монголбанк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, өрхийн зээлийн дарамтыг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэвч зээлийн шалгуур чангарснаар иргэдийн зээл авах хэрэгцээ өөрөө арилчихгүй. Орлого, амьжиргааны зардал, хэрэглээний дарамт, орон сууцны үнийн өсөлт зэрэг өрхийг зээл рүү түлхэж буй шалтгаан хэвээр байна.

Тиймээс Монголчуудын өрийн асуудлыг зөвхөн хэчнээн төгрөгийн зээл авснаар бус, амьдралаа залгуулахын тулд ирээдүйд олох орлогоосоо өнөөдөр хэдийг нь зарцуулж байгаагаар хэмжих шаардлагатай болжээ. Өнөөдрийн хэрэгцээг нөхөхийн тулд маргаашийн орлогоо барьцаалсан өрх хэдий чинээ олон байна, төдий чинээ өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 0 мин
-
3 цаг 53 мин4 цаг 44 мин6 цаг 37 минУржигдар 18 цаг 01 минУржигдар 17 цаг 57 минУржигдар 17 цаг 57 мин2026-08-07